Нийлэг хальсан хүлэмжийг хүүгүй зээлээр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-22 12:19:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Атрын III аяны үргэлжлэл болох  "Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг хүнсний ногоо, жимс, жимсгэний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлийг олгож эхэлсэн байна.

Тодруулбал, улсын төсвийн 1.83 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 120 м2 талбайтай 520 иж бүрдэл, 32 м2 талбайтай 200 иж бүрдэл, нийт 720 иж бүрдлийг хүлээн авах ажиллагаа  болж, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн Захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан нарын албаны хүмүүс  оролцлоо.

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн ярихдаа, “Энэхүү хүлэмжийг иргэд, аж ахуйн нэгжид олгосноор хүлэмжийн талбай 68.8 мянган м2 талбайгаар, шинэ ургацын жимс, нарийн ногооны үйлдвэрлэл 800 тонноор нэмэгдэж, орон нутагт олон ажлын байр бий болох юм. Эдгээр хүлэмжүүд нь Монгол орны нөхцөлд ашиглаж туршсан, барьж ашиглахад хялбар, эдэлгээний хугацаа урт төдийгүй өртгөө богино хугацаанд нөхөх олон талын ач холбогдолтой. Бид цаашид өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Мөн жилийн турш шинэ ургацын ногооны тогтвортой хангамжийг бий болгоход анхаарна” гэлээ.
 Б.Заяа
相关新闻