Өмнөговьд өвлийн хүлэмжийг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-21 15:21:48

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Нарлаг хүлэмж" буюу өвлийн хүлэмжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Тус аймаг БНСУ-ын Кёнсанбуг аймагтай хамтран ажиллах байгаа бөгөөд газар тариалангийн салбарт хэд хэдэн ажлуудыг хийгээд байна. Эхний ээлжинд тус бүрдээ 300 мкв хэмжээтэй 5 ширхэг хүлэмжийг барьж солонгос сортын гүзээлзгэнэ, хулуу, улаан лооль болон бусад хүнсний ногоог тариалсан. Харин энэ удаад өвлийн 2 ширхэг хүлэмжийг байгуулахаар болоод байгаа юм. 

"Нарлаг хүлэмж"-ийг барьж байгуулахад шаардлагатай техник хэрэгслийг Солонгос улсаас нийлүүлэх бөгөөд Өмнөговь аймаг ажиллах хүч, санхүүжилтыг гаргаж хамтран ажиллахаар болжээ. Тус аймгаас газар тариалангийн мэргэжилтэн болон тариаланчдын төлөөлөл мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зориод байна.
Ийнхүү газар тариалангийнхаа салбарт анхаарлаа хандуулснаар хүнсний ногооны хэрэглээний 50-иас доошгүй хувийг орон нутагтаа тариалдаг болох зорилт тавиад байгаа юм.

Д.Мишигсүрэн


相关新闻