"Мария" хар салхины улмаас Пуэрто-Рико бүхэлдээ гэрэл цахилгаангүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-09-21 08:56:52
САН-ХУАН. /Ройтерс/. “Мария” хар салхи дайрсны улмаас 3.5 сая хүн амтай Пуэрто-Рико арал бүхэлдээ гэрэл цахилгаангүй болоод байна гэж тус арлын улсын Онцгой байдлын ерөнхий газрын /ОБЕГ/ албаны хүмүүс мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Пуэрто-Рикогийн ОБЕГ-ын дарга Абнер Гомес лхагва гарагийн орой мэдэгдэл хийхдээ “Энд гэрэл цахилгаан ашиглаж байгаа нэг ч хүн алга” гэжээ.

“Мария” хар салхинаас үүдэлтэй үерт Пуэрто-Рико арлын бараг тэн хагас нь автаад байна гэж АНУ-ын Хар салхинаас анхааруулах үндэсний төв мэдэгдсэн байна.

АНУ-ын удирдлага дор байдаг тус арлын улсын захирагч Рикардо Роселло орон нутгийн цагаар лхагва гарагаас бямба гараг хүртэлх хугацаанд  18:00  цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ.

“Мария”  нь сүүлийн бараг 100 жилийн хугацаанд тус арлыг дайрч өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи аж.

Арлын захирагчийн ярьснаар, 250 км/ц-ийн хурдтай “Мария” хар салхи замд таарсан бүхнээ сүйтгэж, модыг үндсээр нь сугалж, цахилгааны шугамуудыг унагаажээ.

Өнгөрсөн даваа гарагт энэ хар салхи Доминика улсыг дайрсны улмаас 7 хүн амиа алдаж, их хэмжээний эд материалын хохирол учирсан юм.

Засгийн газрын өр нь 73 тэрбум доллар даваад буй Пуэрто-Рикогийн санхүүгийн хямралыг энэ хар салхинаас учирсан хохирол улам гүнзгийрүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Тус арал гамшиг зарласан тохиолдолд АНУ-ын Засгийн газраас сэргээн босгох ажлын санхүүжилтийг гаргуулах боломжтой гэнэ.

Г.Доржханд
相关新闻