Маргааш сургууль, цэцэрлэг хүүхэд хүлээж авахгүй гэж мэдэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Багшийн цалинг нэмэгдүүлэх” түр хороо хэвлэлийн бага хурал зарлаж маргааш болон 26-ны өдөр ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ. Улс орон даяар өрнөж байгаа уг үйл явдлыг Орхон аймгийн 45 байгууллагын 1800 орчим багш, ажилчид дэмжиж байгаа тул маргааш 08-17 цаг хүртэл ажил хаяна гэлээ. Иймд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгтээ авчрахгүй байхыг эцэг, эхчүүдэд санууллаа.
“Багшийн цалинг нэмэгдүүлэх” түр хороо өнгөрсөн наймдугаар сард Засгийн газарт багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага хүргүүлсэн билээ. Шаардлагын дагуу энэ сарын 15-нд хариугаа авах байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу ирээгүй тул улс орон даяар багш нар нэгэн зэрэг ажил хаях гэж байна. Хэрэв Засгийн газар дахин ямар нэг хариу өгөхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.
Б.Оюун-Эрдэнэ