Египетийн шүүх хэдэн зуун хүнд хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-19 07:58:34
КАИР. /Ройтерс/. Египетэд бараг 500 яллагдагчтай шүүх хурал болж өнгөрчээ. Шүүх 43 хүнд бүх насаар нь шоронд хорих ял оноосон бол хэдэн зуун хүнд  олон жилийн хорих  ял оноожээ.

Их Британийн “Ройтерс” агентлагийн мэдээлснээр,  2013 онд Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагасны дараа олныг турхиран эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, янз бүрийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр тэднийг ялласан байна.

300 хүнд 5-15 жилийн хорих ял оноосон бол 54 хүн, тэдний дотор Ирландын иргэн Ибрагим Халавааг цагаатгажээ. И.Халава нь 2013 онд баривчлагдах үедээ 17 настай байсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шоронд хоригдож байхад нь түүнийг эрүүдэн шүүж байжээ. Таван жилийн хорих ял сонссон хүмүүсийн дунд АНУ-ын иргэн Ахмед Этиви байгаа аж.

Хүний эрхийн төлөө тэмцэгч “Эмнести Интернэшнл” олон улсын ТББ-ын мэдэгдсэнээр, шүүх хурал Египетийн нийслэл Каир хотоос хойд зүгт орших Вади аль-Натруны хөндийд байдаг шоронгийн шүүх танхимд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон байна. Эдгээр хүнд Египетийн шүүх "улс төрийн сэдэл"-ээр ял оноолоо гэж тус ТББ мэдэгдэхийн сацуу "Энэ бол маш ичгүүртэй хэрэг" гэжээ.

2013 оны наймдугаар сард болсон М.Мурсийн талыг баримтлагчдын жагсаалын дараа 44 хүний аминд хүрсэн, сүм хийд рүү дайрч орсон, галт зэвсэг хууль бусаар эзэмшиж байсан зэрэг хэргээр дээрх  500 орчим хүнийг Египетийн аюулаас хамгаалах хүчнийхэн баривчлан саатуулсан байжээ.

Г.Доржханд
 
相关新闻