Монгол нутгаас олдсон эртний бичгийг хайрлан хамгаалах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-09-18 15:37:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы эрдэмтэд сүүлийн жилүүдэд хамтран хийсэн хадны бичээсийн судалгааны үр дүнг өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж танилцууллаа.

Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Японы Төв Евразийн судлалын нийгэмлэгтэй хамтран Монгол нутаг дахь эртний бичиг соёлын дурсгалыг судлах "Бичээс" төслийг 1996 оноос амжилттай хэрэгжүүлж, манай орны хөдөө орон нутагт байгаа олон арван дурсгалын байдалтай биечлэн танилцаж, заримынх нь хүрээ хэмжээг тодорхойлох, он цагийг тогтоох, өмнөх судалгааг дахин нягтлах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Энэ хүрээнд эртний түрэг, уйгур, монгол, хятад, перс, согд, дөрвөлжин, тод бичээс бүхий 50 гаруй гэрэлт хөшөө, бичээст судалгаа хийж, Монголын эртний нийслэл Хар Хорумд байсан бөгөөд хожим Эрдэнэ Зуу хийдийг барихад уг хотын нуранхайгаас авч сүмийн барилга байгууламжид ашигласан монгол, хятад, араб бичээстэй зарим хөшөөний хугархайг шинээр илрүүлэн судалгааны эргэлтэд оруулсан байна. Эдгээр бичээсэнд Хар Хорумд сууж байсан ноёдын зэрэг дэвийн тухай болон тэнд лалын сургууль байгуулсан хийгээд их ган, өлсгөлөн тохиолдоход Тэмүгэ гэдэг ноён тариа будааны сан байгуулж хүмүүст туслаж байсан зэрэг сонирхолтой мэдээ байжээ.

“Бичээс II, III” төсөл: Японы Осака Их Сургуулийн Олон улсын хэл шинжлэлийн хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран “Бичээс-II” төслийг 2006-2009 онд, “Бичээс-III” төслийг 2009-2013 онд тус тус амжилттай хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн хүрээнд  Монгол улсын төв, баруун аймгуудын нутагт орших эртний Түрэг, Уйгурын үеийн бичигт хөшөө, хүн чулуу, тахилын онгон зэрэг дурсгалуудтай танилцах, зарим бичгийн дурсгалыг нарийвчлан судлах ажлыг гүйцэтгэсэн юм. Тус төслийн нэг удаагийн хээрийн шинжилгээний ажил ойролцоогоор 4000-5000 гаруй км бартаа саад ихтэй зам туулан орон нутгийн ард иргэд ч сайн мэдэхгүй зөвхөн цөөн тооны судлаачдын бүтээлд л тэмдэглэгдсэн бичиг соёлын дурсгалуудын өнөөгийн бодит байдалтай танилцан, шинэ мэдээлэл, баримт тодруулга авч чухал ач холбогдолтой сан хөмрөг бүрдүүлсэн юм.

Эдгээр судалгаанаас Дундговь аймгийн Дэлгэрхангай уулын хадны бичээс, Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дахь Сэрвэн хаалганы бичээсийг уншиж тайлснаа танилцуулав.

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн зохицуулагч А.Очир хэлэхдээ, “Монгол-Японы эрдэмтдийн хамтарсан “Бичээс” төсөл 23 дахь жилдээ Монгол нутагт үргэлжилж байна. Монгол нутгаас олдсон хамгийн эртний бичээс нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сэрвэн хаалганы бичээс. Уг бичээст XII зууны сүүлээр болсон байлдаанд Алтан улс Монгол руу цэрэгтэй орж ирсэн тухай тэмдэглэсэн. Энэхүү бичээсийг эртний Зүрчин /манжидын өвөг/ хэлээр  бичсэн тул бүрэн тайлж уншихад бэрхшээлтэй. Мөн давхар хятад бичгээр бичсэн байдаг.

Хоёр дахь бичээс нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Дэлгэрхангай уулын өвөр албан ёсоор “Баруун элгэн” буюу нутгийнхны нэрлэдгээр “Хүрэн хайрхан” хэмээдэг бичээс болно. Энэхүү уулын бичээст Хүннү болон хятадын Хан улс хоорондоо манай тооллын 89 онд байлдсан тухай бичсэн. Монгол нутгаас олдсон эртний бичээсийг хайрлан хамгаалж төрийн хамгаалалтад авах хэрэгтэй. Эдгээр бичээс нь Монгол нутгийн хамгийн эртний хадны бичээс болж байна” гэдгийг тодотгов.

Ж.Болор
相关新闻