34 жилийн дараах Эрдэнэ сумын "Соёлын өдөр"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-17 15:13:12
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. 240 гаруй уран бүтээлчид оролцсон “Эрдэнэ сумын соёлын өдөр” Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд өчигдөр болов. 

Аймаг бүр сумдынхаа соёлын өдрүүдийг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг. Энэ удаагийн Эрдэнэ сумын “Соёлын өдөр”-т сум, орон нутгийн удирдлагууд оролцсоноос гадна Эрдэнэ сумын 10 байгууллага, 20 гаруй өрхийн үйлдвэрлэгчид оролцож бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргав. Үргэлжлүүлэн тус сумын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт “Монгол туургатан” театрт болов.

Эрдэнэ сумын засаг дарга Н.Мөнхсайхан: “Манай сум нь анх 1983 онд сум сурталчлах соёлын өдрөө зохион байгуулж байснаас хойш өдгөө 34 жилийн дараа дахин сумаа сурталчилж байна. Манай сумын Соёлын төв “Сумын нийт хүн амд Соёл урлагийн үйлчилгээг чанартай хүргэж, ирээдүйн соёлтой иргэдийг бэлтгэе” зорилго дэвшүүлэн, төрөөс баримтлах  бодлого, хөтөлбөрүүдийг сум орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлж байна. Бид соёлын олон талт үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Энэ үүднээс соёлын өвийг бүртгэн баримтжуулж, сурталчлан таниулах ажлыг сумын соёлын төвтэй хамтран зохион байгуулж байна. Мөн хүүхэд багачуудад зориулан урлаг соёлын үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр 10 гаруй төрлийн дугуйланг хичээллүүлж байна" гэв.

 
Т.Есүхэйтөмөр
相关新闻