Д.Хаянхярваа:Засгийн ажлын залгамж шинж чанар алдагдахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдав. Хуралдаанаар Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр болон Засгийн газар байгуулах асуудлаар бүлгийн гишүүдийн санал бодлыг сонсчээ.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа,“Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бид нэгдсэн байр суурьт хүрч чадлаа.Эв эеэ олж, өмнөх асуудлуудад маргах биш урагшаа харж ажиллая гэдэг дээр санал нэгдлээ. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах, Засгийн газрын гишүүдийг ямар шалгуураар сонгох талаар олон гишүүн санал хэлсэн.
Удирдах зөвлөлийн шийдвэрээр Бага хурлын товыг зарлаад буй. Бага хурлаар Ерөнхий сайдыг тодруулж,УИХ-ын намрын чуулганы эхний өдөр батламжилна. Үүний дараа 10 дугаар сарын эхний 10 хоногт Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлаа хэлэлцэх зарчмын шийдэлд хүрсэн. Нийгэмд МАН хоёр хуваагдаж, ан цав үүслээ гэсэн мэдээлэл их гарч байна. Ийм зүйл байхгүй гэдгийг бүлгийн гишүүд тодорхой хэлж байгаа. Мэдээж бүлгийн гишүүдийн дунд Засгийн газрыг огцруулах, эс огцруулах асуудлаар үндсэндээ бүлгийн гишүүд хуваагдаж саналын зөрүүтэй байсан. Энэ бол манай бүлгийн хувьд шийдвэр гаргахад амаргүй асуудал байлаа.
Засгийн газрыг орцруулах асуудал нь манай бүлэг, намыг хагаралдуулж байгаа асуудал биш. Бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь Засгийн газарт хариуцлага тооцох ёстой, нөгөө хэсэг нь цаашид Засгийн газраа дэмжиж ажиллах, улмаар чадваржуулах хэрэгтэй гэх саналд бид ойлголцсон. Цаашид УИХ дахь МАН-ын бүлэг дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулна” гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Засгийн газрыг байгуулахдаа бүлгийн гишүүд ямар зарчмыг баримтлах ёстой вэ. Сайдуудыг УИХ-аас хэдийг нь томилох зэрэг тодорхой асуудлуудыг хэлэлцсэн үү. Намын даргыг хэзээ томилох вэ?
-Намын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг яг эцэслэн гаргаагүй байна. Ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлаа эцэслэнэ. Ерөнхий сайдын асуудлыг Бага хурлаар шийднэ. Бага хурлын өмнө намын Удирдах зөвлөл хуралдаж, намын Их хурлыг намын дүрэмд тусгасны дагуу бага хурлаас зарладаг. Бага хурлаас 45 хоногоос цаашгүй хугацаанд хуралдуулах заалттай. Тиймээс энэ сарын 25-нд намын Их хурлыг хэзээ хуралдуулах тов гарна. Ингээд Их хурлаар МАН-ын даргыг сонгох, улмаар намын удирдлагуудыг шинээр сонгох асуудлыг шийднэ. Бүлгийн гишүүдийн хувьд Засгийн газрыг бүрдүүлэхэд гаднаас, дотроос гэдэгт голлож яриагүй. Сайдуудад ямар шалгуур тавих вэ гэдэг асуудлыг ярилцсан. Ер нь Засгийн газрын тэргүүн, гишүүдэд ямар шалгуур тавих талаар гишүүд нэлээд санал хэлсэн. Тухайн сайд салбартаа хэдэн жилийн дадлага туршлагатай ажилласан зэргээс хамаарч чадварлаг хүмүүсийг томилох талаар бүлгийн гишүүдийн дийлэнх нь санал хэлсэн.
-Намын дарга нь Ерөнхий сайд болох уу?
-Одоохондоо энэ асуудлыг яриагүй байна. Мэдээж Ерөнхий сайдыг есдүгээр сарын 25-нд тодруулна. Дараа нь Их хурлаар хэн ч намын даргад өрсөлдөх эрхтэй. Тиймээс одоо гарч байгаа Ерөнхий сайд заавал намын дарга байна гэдэг асуудлыг хэлж чадахгүй. Яагаад гэвэл үүнийг намын Их хурлаар шийддэг.
-Засгийн газрыг огцруулснаар ургац хураалт, өвлийн бэлтгэл ажил алдагдаж байгаа юм биш үү?
-Одоогийн байдлаар сайд нар нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ч Засгийн газар ажлаа бүрэн гүйцэд хийгээд явж байна. Цаг нь тулгамдсан асуудлыг Засгийн газар шийдээд явна. Ер нь Засгийн ажлын залгамж шинж чанар алдагдахгүй.
Б.Туул