Гамшигт үзэгдлийн улмаас 76 өрхөд 600 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-13 11:16:36
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ зуны байдлаар буюу 6-8 сарын хугацаанд аймгийн Онцгой байдлын газарт гамшигт үзэгдэлд өртсөн гэх долоон дуудлага иржээ. Бүрд суманд орсон усархаг үерийн улмаас 1500 орчим мал, гурван гэр, 13 хашаа өртөж, 4х8 харьцаатай гурван хүлэмж, 150х70м хэмжээтэй чацарганы талбай үерийн усанд автжээ.

Үүний улмаас айл өрхөд 95 сая 900 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Өлзийт суманд орсон үерийн улмаас 8 өрхөд 127 сая 420 мянган төгрөгийн хохирол учирсан бол Хархорин суманд нэг өрх айлын 10 гаруй үхэр аянгад өртөж, 7 сая 200 мянган төгрөгийн хохирол учирчээ.

Мөн Есөнзүйл суманд хоёр өрхийн 9 сая 350 мянган төгрөгийн үнэ бүхий мал, эд хөрөнгө үерт, Зүүнбаян-Улаан суманд нэг өрхийн 9 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий мал, эд хөрөнгө аянгад, Хужирт суманд дөрвөн өрхийн 5 сая 910 мянган төгрөгийн үнэ бүхий мал, эд хөрөнгө тус бүр үерт автсан ба тус суманд 47 өрх айлын эд зүйл, хашаа, гэрийг эвдсэн хуй салхи дэгдэж, 350 гаруй төгрөгийн хохирлыг учруулсан. Түүнчлэн Нарийнтээл суманд төмөр бетон гүүр сэтэрч, гүүрийн дамжих хавтан цөмрөн унаснаас 42 сая төгрөгийн хохирол гарч, засварлаж сэлбэсэн юм.

Нийт дүнгээр авч үзвэл үер усны аюулд 76 өрхийн 55 бод, 3386 бог, 17 гэр, 60 хашаа үерт автаж, 647 сая 923 мянга 200 төгрөгийн хохирол ард иргэдэд учирчээ.  Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Г.Ганбаатараар ахлуулсан албан хаагчид, орон нутгийн иргэд, Онцгой комиссийн гишүүд цаг хугацаанд шуурхай ажиллан хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ.
Б.Батчимэг
相关新闻