Анхны "Газрын алба" 20 жилийн ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн бямба гарагт аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар байгуулагдсаны 20 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо.
1996 оны 2 дугаар сард аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа Газрын албыг 4 хүний орон тоотойгоор байгуулж, даргаар нь М.Базарханыг томилжээ. Энэ нь аймгуудын доторх анхны Газрын алба болжээ. Улмаар 2001 онд газрын алба татан буугдаж, 2003 он хүртэл аймгийн Байгаль орчны газрын бүрэлдэхүүнд байжээ. Монгол Улсын Газрын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 2003 оны 2 дугаар сард Газрын албыг шинээр зохион байгуулж, 2009 оноос Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болгон өргөжүүлжээ. Тэр цагаас орон нутагт хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх, хот байгуулалтын кадастр хөтлөх, архивын санг бүрдүүлэх, барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, аймгийн төв, сум, суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан хэтийн болон ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийг оновчтой төлөвлөх зэрэг газрын харилцааны бүхий асуудлыг аймгийн хэмжээнд амжилттай зохицуулж, 20 жилийн ойтойгоо золгож байгаа аж.
Баярын арга хэмжээний хүрээнд гар бөмбөгийн тэмцээн, үндэсний бөхийн барилдаан, дурсгалын хөшөөний нээлтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Хүчит 32 бөхийн барилдаанд тус аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Нурланы Мустафа түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан Мусатын Аманбек үзүүрлэлээ.
Ө.Нурболат