Мексикт сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-09-08 16:22:16
МОСКВА. /Sputnik/. Мексикт сүүлийн 100 жилийн хугацаан дахь  хамгийн хүчтэй газар хөдлөлт өнөө өглөө үүрээр болсонтой холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Энрике Пена Ньето ард түмэндээ хандан үг хэллээ.
 
Мексикийн өмнөд эрэгт Номхон далай орчимд 8.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас таван хүн, тэдний дотор хоёр хүүхэд амиа алдсан нь тогтоогдоод байна.
 
Ерөнхийлөгч Энрике Пена Ньето хэлэхдээ “Газар хөдлөлтийн уршгаар таван хүн амиа алдсан нь одоогоор тогтоогдоод байна.  Учирсан эд материалын хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Энэ бол сүүлийн 100 жилийн хугацаанд манай улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт” гэв.
 
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар өнөө өглөө үүрийн 04:49 цагт Гватемал улстай хил залгаа оршдог Мексикийн Чьяпас  мужийн Трес-Пикос суурингаас баруун өмнө зүгт 119 км зайтай орших газарт 33 км-ийн гүнд газар хөдөлжээ. 
 
Ерөнхийлөгчийн хэлснээр, Мексикийн 50 сая гаруй иргэнд газар хөдлөлт мэдрэгджээ.
 
Мөн газар хөдлөлтийн голомтоос хэдэн зуун км зайтай орших нийслэл Мехико хот, Чауказ, Веракруз, Хидалго болон бусад мужид газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Газар хөдөлсний дараа 1 сая орчим хүн цахилгаан эрчим хүчгүй болжээ.
Г.Доржханд
 

相关新闻