Австраличууд 26 мянган ширхэг буу хураалгаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-08 12:59:47
КАНБЕРРА. /ВВС/. 1996 онд олон хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа явуулсан бүртгэлгүй буу зэвсгийг хураах ажиллагаанаас хойш хэрэгжүүлж буй буу хураах анхны өршөөлийн хөтөлбөрийн хүрээнд австраличууд бараг 26 мянган ширхэг галт зэвсгээ хураалгаад байна.

Терроризмын аюул заналхийлэл өсч, хүмүүс хууль бусаар галт зэвсэг эзэмших нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор Австралийн Засгийн газар бүртгэлгүй буу зэвсэг заасан хугацаанд хураалгасан хүмүүсийг ял шийтгэлээс чөлөөлөх хөтөлбөрийг өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ.

Австралид бүртгүүлэлгүйгээр буу эзэмшихийг хууль бус гэж үздэг юм.

Энэ сарын 30-ны дотор бүртгэл хийлгэлгүй эзэмшиж байгаа буугаа хураалгаагүй хүмүүсийг 280 мянга хүртэлх австрали доллароор торгох эсвэл 14 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх аж. Өөрөөр хэлбэл, хууль бусаар эзэмшиж буй буугаа энэ сарын 30-аас өмнө хураалгавал шийтгүүлэхгүй гэсэн үг.

Тус улсын Хууль зүйн сайд Майкл Кэйнан хэлэхдээ “Энэ хөтөлбөрийн ачаар манай улс илүү аюулгүй  улс орон болж байна” гэв.

Хууль сахиулагчдын тооцоолсноор, тус улсад хууль бусаар эзэмшиж буй 260 мянган ширхэг буу байгаа аж. Ийм буунуудыг тус улсад сүүлийн үед болсон гэмт хэрэг, террорист халдлагуудын үеэр ашигласан нь тогтоогджээ. Тухайлбал, 2014 онд Сидней хотын нэгэн кафед олон хүнийг барьцаалсан этгээдийн ашигласан буу нь 1950-аад оны үед Австралид орж ирсэн боловч холбогдох байгууллагад бүртгэлгүй байжээ.

1996 онд Австралийн Тасманийн арлын Порт-Артур хотод нэгэн этгээд 35 хүнийг буудан хөнөөсний дараа 1996-1997 онд австраличууд 643 726 ширхэг галт зэвсгийг хураалгаж байжээ. Порт-Артурын энэ аллага нь Австралийн түүхэнд галт зэвсгээр хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг аж. Энэ хэрэг гарсны дараа тус улсад хагас автомат болон автомат зэвсгүүдийг бүртгүүлэлгүйгээр эзэмшихийг хориглосон байна.
 
Г.Доржханд
 

相关新闻