Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-07 20:27:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 57.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд болон түүний тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа. 

УИХ-ын Ээлжит бус чуулган түр завсарласны дараа үргэлжилж 11 гишүүн үг хэлсэн юм. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Жилд 300 тэрбум төгрөг төсөвт орлогодох төсөл хөтөлбөрт төр хуулийн хүрээнд эрх олгосонд буруу зүйл байхгүй. Сайдын 17 суудалд 65-уулаа багтахгүй болчихоод л Засгийн газрын асуудлыг яриад сууж байна. Албан тушаалд шунасан хэд гуравхан хүний шуналаас болж Засгийн газраа унагаах гэж байгаа нь үнэн” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын бодлого ойлгомжгүй байсан. Эргэж буцсан, тодорхойгүй, ойлгомжгүй олон шийдвэр гарсан. Гаргасан шийдвэртээ итгэхгүй байгаа Засгийн газарт хэн итгэх юм бэ. Хөрөнгө оруулагч нар итгэхгүй. Энэ Засгийн газар ард түмний төлөө зүтгэхгүй байж, дарга нарынхаа төлөө зүтгэсэн” гэв. Харин УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Намын дотоод асуудлыг төрийн хэрэг болгосонд харамсаж байна. Ард түмний итгэлийг хүлээсэн бид Засгийн газраа байгуулсан. Энэ Засгийн газар сайн ажилласан гэж дүгнэж болно. Бид эхлүүлсэн ажлынх нь үр дүнг хармаар байна. Огцруулах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүргэсэн гэж яриад байгаа боловч юунаас болсон бэ гэдгийг бодитоор дүгнэх ёстой. Энэ жил 1 тэрбум гаруй ам.доллараар илүү нүүрсний борлуулалт хийсэн. Нүүрсний үнийг Засгийн газар сайндаа өсгөөгүй” гэв.

Гишүүд ийнхүү үг хэлж дууссаны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр Монголын төрд сүүлийн 25 жилд 13 Засгийн газар байгуулагдан ажилласан бөгөөд энэ Засгийн газар 14 дэх нь хэмээн тодотгоод, үүнээс зөвхөн хоёр нь бүрэн эрхээ дөрвөн жил хэрэгжүүлж, 11 нь хугацаанаасаа өмнө огцорсон гэсэн юм. Мөн "Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 жил байгаа нь хариуцлага гэхээс илүү буруу жишиг болж байна. Бодит байдал дээр Монголын хөгжлийн боомилогч, чөдөрлөгчид нь улс төрчид бид. Улсаараа хөгжье гэвэл засаглалаа тогтвортой байлгах шаардлагатай. Нэг жилийн хугацаанд манай Засгийн газар Монгол Улсын төлөө, иргэдийн эрх ашгийн төлөө чин сэтгэлээр зүтгэж ажиллаа. Танхимаа болон хажууд маань зэрэгцэн сууж ажилласан хүмүүс алдаа гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Засгийн газар төсөөлж байснаас хүнд эдийн засаг хүлээж авсан ч өнөөдөр тодорхой үр дүн гарч, эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид эргэж эхэлснийг энэ танхимд сууж байгаа та бид бүгдээрээ сайн мэднэ. Баялаг бүтээгдчийн маань амжилтын буухиа хэрвээ тасалдахад хүрвэл, түүнийг үргэлжлүүлэх улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүйн төлөө МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд бас хүлцэл өчье. Өнөөдөр эдийн засаг сэргэж эхэлсэн болохоос хямрал дуусаагүй байна. Хүндхэн цаг үеийн амаргүй ачаа та бидний нуруун дээр байсаар байна. Монголыг, Монголын төрийг дэлхийд муухай харагдуулж байгаа авлигыг цэгцлэх, бизнес дэх төрийн оролцоог хумих, эрүүл мэнд, боловсролын салбарт дорвитой шинэчлэл хийх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гээд олон ажил биднийг хүлээж байна.

Засгийн газрыг огцруулах гурван шалтгаан нь бодитой үндэслэл гэж үзэхгүй байна. Бид сандал суудалтайгаа зууралдаагүй, зөвхөн үнэний төлөө явж байна. Шадар сайдаа тагнасан гэдэг миний ой тоонд багтахгүй гүтгэлэг. Надад ийм хүмүүжил байхгүй гэдгийг энэ индрээс хэлье. Би эрх мэдэл албан тушаалаас илүү эр хүний нөхөрлөлийг илүүд үздэг.

Засгийн газар тогтвортой ажиллах дархлаа нь түүнийг томилсон УИХ өөрөө юм. Тэр дундаа эрх баригч намын бүлэг хэр олон суудалтай байна, тэр чинээгээр томилсон Засгийн газрынх нь дархлаа баталгааждаг гэдэг. Гэтэл өнөөдөр бид 65-уулаа  буюу хэт олуулаа байж өлдөхийн зовлонгоо давж чадахгүй өрөөлийн тоглоомд орж байгаа нь харамсалтай" гэсэн юм.

Ингээд Ерөнхий сайдыг үг хэлж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны “Засгийн газрыг огцруулах шаардлагагүй” гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь татгалзаж, 42.5 нь дэмжив. Ингэснээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулж, түүний тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах УИХ-ын тогтоолыг баталлаа.

Үндсэн хуульд Ерөнхий сайд огцорсон бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцохоор заасан бол Засгийн газрын тухай хуульд “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон тохиолдолд УИХ 30 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” хэмээн тусгажээ. Мөн Засгийн газар огцорсон тохиолдолд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд "Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана" гэжээ.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻