Аялгуут хэмнэл төслөөр хүүхэд бүр хөгжимчин болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Асгат сумын ерөнхий боловсролын сургууль дээр 3000 ам.долларын “Аялгуут хэмнэл” төсөл хэрэгжиж хүүхдүүд хөгжмийн зэмсэг хувцасны сантай болжээ. Төслийн хүрээнд гитар, мандолин, аман хуур, бишгүүр бөмбөр, шанз зэрэг долоон төрлийн 56 хөгжмийн зэмсэг, 100 орчим хүүхдийн урлагийн хувцасны сантай болжээ.
Аялгуут хэмнэл төслийн хүрээнд хүүхэд бүр хөгжимчин болж гэр бүл бүр урлагийг дэмжиж хамтран ажиллаж байгаа ажээ. Мөн насан туршийн боловсролын хүрээнд “Гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, ёс суртахуун-төлөвшлийн боловсрол, гоо зүй-мэдрэмжийн боловсрол, амьдрах ухааны боловсрол зэрэг чиглэлүүдээр сургалтуудыг иргэдийн дунд долоо хоногт нэг удаа, хүүхдүүдийн дунд хөгжим, бүжгийн төрлөөр 9 төрлийн дугуйланг долоо хоногт хоёр удаа хичээллүүлдэг байна. Тус сургууль энэ жил 210 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар халаалтын эх үүсвэртэй болж сургуулийн барилгын бүрэн засварыг хийж “Ногоон сургууль”-ийн болзлыг хангах зорилт тавин ажиллаж байна.
Дашрамд дурдахад, “Суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлж, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг бүтээлч сэтгэлгээ, амьдрах ухаанд суралцсан багаар ажиллах чадвартай иргэн болж төлөвшинө” гэсэн зорилгыг тус сургууль энэ хичээлийн жил дэвшүүлжээ.
Б.Мягмарсүрэн