Элчин сайд нар Монгол Улс хөрөнгө оруулалт татахын тулд улс төрийн тогтвортой байдал чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-05 16:22:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Invest Mongolia-2017" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, компанийн засаглал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө.

Монгол Улсын дэд бүтцийн хөгжил хэлэлцүүлгийн үеэр санхүүжилт дутмаг энэ үед олон улсын стандартад нийцсэн “Төр-хувийн хэвшил”-ийн түншлэлийг оновчтой хувилбараар явуулах хэрэгтэй.Түүнээс биш хувийн хэвшил нь мөнгө гаргаад тухайн ажлыг өрнүүлснээр хохирогч болох ёсгүй. Өмнөх жилүүдэд дэд бүтцийн салбарт өрнөсөн төр хувийн хэвшлийн түншлэлд компаниуд хохирсон явдал цөөнгүй гэдгийг бизнесийнхэн тодотгож байв. Мөн Улаанбаатар ахуйн үйлчилгээ, Төмөр зам болон зам тээврийн өргөтгөлийг санхүүжүүлэх боломж болон гэр хорооллын халаалт, урд хөрш рүү хил нэвтрэх эрхтэй ачааны автомашины бөглөрлийг хэрхэн оновчтой шийдэх вэ зэрэг асуудлыг хөндөв. Оролцогсод цаашид хөрөнгө оруулалтыг эх орондоо тогтоон үр дүнтэй ашиглах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь чухал гэдэгтэй санал нэгдсэн юм.

Харин чуулганы үдээс хойшхи хуралдаан Монголд суугаа Элчин сайдуудын хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато:
 
- Монгол  Улс манай улстай анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг амжилттай хийсэн.  Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн  хүрээнд Монгол Улс 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифын заримыг  чөлөөлж, нөгөө хэсгийг нь үе шаттайгаар бууруулахаар болсон.Хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Япон, Монгол хоорондын хамтарсан комисс байгуулж, энэ хүрээнд 13 дэд хороо байгуулан ажиллаж байгаа ч бодлогын түвшинд хийхээр хүлээж буй ажлууд бий. Тодруулбал Монгол Улс хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээг бий болгох шаардлагатай. Ингэснээр хөрөнгө оруулагчид нэгдсэн мэдээлэлтэй болох юм. Үнэн зөв мэдээлэлтэй байж хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил нэмэгдэнэ гэж харж байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифэр Зимдал Галт:

- Аливаа асуудлыг шийдэхийн тулд маш олон гарцыг хайх ёстой.  Монгол Улсыг Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсаныг дэмждэг. АНУ-ын хувьд  Монгол Улстай Ил тод байдлын тухай гэрээ байгуулсан. Энэ ажил урагшилна байх гэж найдаж байгаа. Аливаа улсын засаг төр нь тогтвортой,  зөв бодлоготой байсан цагт хөрөнгө оруулалтын урсгал тасрахгүй. Үүн дээр хөрөнгө оруулагчдыг бодитой үнэн мэдээллээр хангах ёстой.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун:

- 20 жилийн өмнө манай улс  ОУВС-гийн хөтөлбөрт хамарч байлаа. Эл хөтөлбөрт хамарснаар банк, санхүүгийн салбараас эхлээд эдийн засаг эерэг дохио өгсөн. ОУВС-гийн хөтөлбөр Монголд хэрэгжиж байгаа нь том боломж юм. Уг хөтөлбөрийг монголчууд зөв хэрэгжүүлж, итгэл даах хэрэгтэй.
Ихэнх элчин сайд нарын хувьд Монгол Улс хөрөнгө оруулалтыг татахын тулд мэдээллээ ил болгох, тууштай бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь чухал гэдэгт төвлөрч байв.

Өнгөрсөн жилүүдэд гадны олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт Монгол Улсаас гарсныг чуулганы үеэр онцолсон. Үүнийг албаныхан дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна  хууль, эрх зүйн зохицуулалт, төрөөс баримтлах бодлого тогтвортой бус байсантай холбон тайлбарлав.

Харин дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өсч, ОУВС -гийн хөтөлбөр хэрэгжсэнээр  эдийн засгийн уналтыг зогсоолоо хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулгадаа дурдсан.

Наймдугаар сарын судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 230 болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байгааг "Invest Mongolia-2017" чуулганаар  онцлов.
 
Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻