Б.Батгэрэл: Монгол Улсын Үндэсний брэндийг илэрхийлэх “түлхүүр үг” энэ сард тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2017-09-05 12:45:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний брэндийн зөвлөл өчигдөр анхдугаар хуралдаанаа хийж, байгуулагдсанаасаа хойшхи таван сарын хугацаанд хийсэн ажил болон цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцсэн. Монгол Улсыг олон улсад төлөөлөх “брэнд”-ийг тодруулахаар ажиллаж байгаа Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Батгэрэлээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Монголыг илэрхийлэх Үндэсний брэнд юугаар онцлог, содон байх ёстой вэ?
-Брэнд, Үндэсний брэнд гэдэг нь хоёр өөр ойлголт байгаа юм. Брэнд гэдэг нь ямар нэгэн компанийн бүтээгдэхүүн, түүний лого буюу барааны тэмдэгтийг хэлдэг. АПУ, Гоёо гэх мэт. Харин Үндэсний брэнд гэдэгт улсыг төлөөлөх бүх зүйл орно. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын бодлого, өв соёл, цаг уур, монголчуудын итгэл үнэмшил, эв нэгдэл гээд энэ бүгд цогцоороо илэрхийлэгддэг нь Үндэсний брэнд юм.

-Үндэсний брэндийг нэг үгээр илэрхийлэн гаргаж ирэх боломжтой юу?
-Дэлхийн улс орнуудыг “Хөгжиж буй” , “Хөгжсөн”, “Буурай” гэх зэргээр улс орнуудыг тооцохоо больж байгаа юм байна. Харин тухайн улс орны ард түмний итгэл үнэмшил, язгуур чанараа хэрхэн өөрсдөдөө шингээж чадсанаар нь үнэлж, энэ онцлогийг нь мэдэхийн тулд зорьж очдог болж байна. Энэ нь тухайн улс орны өрсөлдөх чадвар, дархлаа нь болж өгдөг. Үүнийг бид “язгуур дүр төрх” гэж монголчлон хэлж байгаа. Брэнд гэдэг үгний утга нь өөрөө тамгалах. Тэгэхээр хорвоо ертөнцийн хамгийн их хомсдож байгаа нөөц бол хүмүүсийн анхаарал болоод байна. Энэ анхаарлыг Монгол Улс руугаа татахын тулд ямар нэгэн өнгө, нэг үгээр л илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь “улаан” өнгө эсвэл “луу” байхад хэн ч Хятад улсыг шууд ойлгож байдаг. Тэгвэл Монгол Улсыг ямар өнгө илэрхийлэх вэ гэдгийг тодорхойлоогүй байна. Цэнхэр байх уу эсвэл улаан, ухаа шар уу гэх мэт. Монгол Улсыг нэг айл өрх гэж бодоход дэлхий дээр 200 гаруй айл өрх амьдарч байна. Ямар нэгэн айлд очлоо гэхэд тэр нь нэртэй мөн өгөгдөлтэй байх ёстой. Тэгвэл язгуур дүр төрх гэдэг монгол хүний гүний гени, хамгийн сайн сайхан чанар, өв соёл, үнэт зүйл бүгд нэгдэж бий болно. Энэ язгуур дүр төрхийг бид нэг л түлхүүрээр бусдад таниулахгүй бол “Бид Чингисийн Монгол, Бид нүүдэлчин соёлтой, өв уламжлалтай” гэх зэргээр дэлхийн энэ олон оронд уртаар танилцуулаад байх боломж хомс. Тиймээс нэн тэргүүнд улс орныхоо Үндэсний брэндийг бий болгоод дараа нь хотууд, орон нутгийн брэнд үүснэ гэсэн дэс дараатай явна.

-Тэгвэл Үндэсний брэндийг бий болгох ажил ямар үе шатанд явна вэ?
-Үндэсний брэндийн зөвлөл 2017 оны тавдугаар сард байгуулагдсан. Үүнээс хойш дэлхийн 30 гаруй оронд салбартай гүрэн дамнасан корпорацитай хамтарч ажиллаж байна. Эхний ээлжид бидний давуу тал, сул тал юу вэ, гадны улс орнууд, хүмүүс биднийг хэрхэн хардаг гэдгийг мэдэхийн тулд судалгаа хэрэгтэй. Энэ судалгааг яг одоо явуулж байгаа. Одоогоор зургаан улсаас Монголыг илэрхийлэх үгний судалгаа явуулаад байна. “Морь унах”, “нүүдэлчин” гэх мэт 200 гаруй үг эхлээд гарч ирсэн. Үүнээс одоогоор 20 үг шигшээд байна. Үүнээс зөвхөн нэгийг гаргаж ирж, энэ сарын сүүлээр “Brand Identity” буюу “түлхүүр үг” тодорно. Үүнийгээ брэндийн чиглэлээр мэргэшсэн дэлхийн 6000 гаруй мэргэжилтнээр хянуулна. Энэ бол маш том ажил. Үүнийг эцэслээд Ерөнхий сайдад өргөн барина. Дараа нь 12 дугаар сард “Visual Identity” буюу “язгуур дүр төрх”-өө тодруулна. Мөн Үндэсний брэндийн зөвлөлийн дэргэд Зөвлөлдөх зөвлөл байгуулсан. Энэ нь дотроо гурван чиглэлтэй байх бөгөөд эхний ээлжид Монголч эрдэмтэд, түүхчид, докторуудтай нийлсэн зөвлөл байгуулаад байна. Одоо удахгүй Монгол Улсыг гадаадад төлөөлж чадахуйц компаниудын төлөөлөлтэй зөвлөл байгуулна. Дараа нь улс орны алсын харааг тодорхойлж байдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай зөвлөл байгуулах юм.      

-Тэгэхээр ирэх жил гэхэд Монгол Улсын Үндэсний брэнд бий болно гэж ойлгож болох уу?
-Тийм. Судалгаа энэ жилдээ дуусна. Тиймээс дараа жилийг бид “Монгол Улсыг дэлхийд зарлах жил” болно.Дэлхийд зарлахдаа бүх улс оронд бус зорилтод, эдийн засаг сонирхлоороо харилцагч 4-5 улсад чиглэнэ. Энэ улсуудад танилцуулсны дараа хоёр жилийн дараа Монгол Улсыг мэддэг, зөв эерэг ойлголттой нэг сая жуулчин ирэх боломжтой гэж харж байгаа. Хэрэв 1 сая жуулчин ирсэн байхад үүнийг 2, 3 сая болгох маш амархан юм байна л даа.

-2020 онд гэхэд Монгол Улсыг дэлхийд таниулах Үндэсний брэнд ямар үр дүнд хүрсэн байх бол?
-Бид ирэх жилийн болон 2020, 2025 он хүртэл гээд богино болон уртын стратегийн төлөвлөгөөгөө гаргасан. 2020 он гэхэд Монгол Улсыг хэдийнэ зөв эерэгээр таниулсан, багадаа 2 сая жуулчин ирсэн, эдийн засаг сэргэсэн, иргэдийнхээ амьдралд нөлөөлөхүйц үр дүнд хүрсэн байна гэж төсөөлж байна. 

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻