Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомууд үнэ төлбөргүй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-05 07:42:37
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Соёл амралтын хүрээлэнгийн хүүхдийн тоглоомын талбайн нээлт өнөөдөр болно. Тоглоомын талбайн нээлт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Зуунмод сумын хүүхэд багачууд эдгээр өдрүүдэд үнэ төлбөргүй тоглох боломжтой гэдгийг албаны онцлов.

Энэ жил аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран аймгийн Соёл амралтын хүрээлэнг ашиглалтад оруулав.

Одоогоор тус тоглоомын талбайд гинжит тоглоом, морин тойруулга, уран жолоодлого, галзуу хулгана, бага насны хүүхдийн угсармал тоглоом зэрэг таван төрлийн тоглоом ашиглалтад ороод байна. Туршилтын хугацаанд давхардсан тоогоор 870 гаруй хүүхэд багачууд үнэ төлбөргүй тоглосон аж.

“Соёл амралтын хүрээлэн”-гийн явган хүний зам, усан оргилуур, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн паркийн тоглоомын талбайн ажилд орон нутгийн хөрөнгөнөөс нийт 669.1 сая төгрөгийг зарцуулжээ.

Авто машины зогсоол, явган хүний зам талбайн ажилд “Орон нутгийн замын сан”-гийн хөрөнгөөс 33,8 сая төгрөг, зүлэгжүүлэлт зэрэг ажилд “байгаль хамгаалах замын сан”-гаас 85 сая төгрөгийг тус тус зарцуулсан аж.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻