Франкфуртаас олдсон дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-04 17:35:25
ФРАНКФУРТ. /ВВС/. Германы Франкфурт хотоос олдсон дэлхийн II дайны үеийн дэлбэрээгүй тэсрэх бөмбөгийг ням гарагт аюулгүй болголоо гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Британийн армийн хаясан 1.4 тн жинтэй, хотыг бараг бүхэлд нь газрын хөрснөөс арчин хаях хүчин чадалтай тэсрэх бөмбөг саяхан Гётегийн нэрэмжит Франкфуртын их сургуулиас холгүй орших газраас олдсон бөгөөд энэ тэсрэх бөмбөгийг аюулгүй буюу цэнэггүй болгох ажиллагаа явуулахын тулд тус хотын 70 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ нь дайнаас хойших Германы түүхэнд хамгийн олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн тохиолдол аж.

Германаас жилд дунджаар 2000 мянган дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олддог байна. Дэлхийн II дайны үед холбоотны цэргүүд Германы нутаг дэвсгэрт бараг 2.7 сая тн бөмбөг хаясан гэсэн тооцоо байдаг аж.

Ийм тэсрэх бөмбөгүүдийн хугацаа нь дуусч, тэсрэх бодисууд задран оршин суугчдад аюул учруулж болзошгүй гэж Германы эрх баригчид санаа зовниж байна.

Германаас саяхан олдсон дайны үеийн тэсрэх бөмбөгүүд

·      2017 оны тавдугаар сард дайны үеийн гурван тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохын тулд Ханновер хотоос 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ.

·      Британийн армийн хаясан 1.8 тн жинтэй бөмбөгийг цэнэггүй болгохын тулд 2016 оны 12 дугаар сард Аугсбург хотоос 50 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байв.

·      2015 оны тавдугаар сард 1 тн жинтэй бөмбөгийг цэнэггүй болгохын тулд Кёльн хотоос 20 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ.

·      2012 оны нэгдүгээр сард Ойскирхен хотод нэгэн барилгын ажилчин газар ухаж байгаад лоомоор тэсрэх бөмбөг оносны улмаас амиа алдаж байв
Г.Доржханд
相关新闻