“Аль-Шабааб” бүлэглэл Сомалийн цэргийн бааз руу дайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОГАДИШҮ. /VOA/. "Аль-Каида" бүлэглэлийн холбоотон болох "Аль-Шабааб" босогчдын бүлэглэл Сомалийн цэргийн бааз руу дайралт хийсний улмаас тус улсын засгийн газрын 11 цэрэг амиа алджээ.
“Аль-Шабааб” бүлэглэлийн гол түшиц газар болсон Кисмайо боомт хотын ойролцоох Було-гудуд тосгонд байрлалтай цэргийн бааз руу босогчид довтолсны улмаас аль аль талуудаас наад зах нь 10 гаруй хүн шархадсан байна. Уг тулаанаар “Аль-Шабааб” бүлэглэлийн 20 гаруй цэрэг амиа алдсан тухай тус улсын үндэсний армийн Генерал Исмайл Сахардид төрийн мэдлийн “SONNA” мэдээллийн агентлагт мэдээлжээ.
Харин “Аль-Шабааб” бүлэглэлийн мэдээлснээр, нийтдээ засгийн газрын 26 цэргийг хөнөөж, цэргийн 3 том тээврийн хэрэгслийг булаан авсан байгаа аж. Було-гудуд тосгон нь Кисмайо стратегийн боомт хотоос 30 км-ийн зайд оршдог бөгөөд улсын нийслэл Могадишү хотоос өмнө зүгт 482 км-ийн зайд байрладаг юм.
Х.Сарнай