Энэтхэгийн санхүүгийн нийслэл үерт автсаны улмаас 5 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-30 16:31:02
МУМБАЙ. /Reuters/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл гэгддэг Мумбай хотод ширүүн бороо орж, үер усны аюул нүүрлэсний улмаас таван хүн амиа алдаад байна.

Мубайн зам талбай үерт автаж, нислэгүүд цуцлагдаж, галт тэрэг зорчигч тээвэрлэхээ зогсоосноор хэдэн арван мянган хүн гацаанд ороод байна.

Бороо ойрын өдрүүдэд зогсох төлөвгүй байгаа ч нөхцөл байдал арай дээрдэж байна гэж тус хотын холбогдох албаны хүмүүс мэдэгдэв.

Өмнөд Азийн улс орнуудад борооны улирал болж байгаатай холбоотойгоор ширүүн бороо орж, үер болсны улмаас 1200 гаруй хүн амиа алдаад байгаа билээ.

Энэтхэгийн хойд нутгийн Бихар мужид л гэхэд үерийн улмаас 500 гаруй хүн амиа алджээ.

Өмнөд Азид үерт 16 сая гаруй хүн өртсөн бөгөөд хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж тусламжийн байгууллагууд мэдэгдсэн юм.



Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод нөхцөл байдал аажмаар сайжирч байгаа боловч өнөөдөр  ч олон сургууль, байгууллагуудын үүд хаалттай хэвээр байна.

Мумбай нь борооны улирлын үеэр нэг бус удаа үерт автаж байсан юм. Тухайлбал, 2005 онд тус хотод үер болж, 500 гаруй хүн амиа алдаж байв.

Тус хотын ихэнх албан байгууллагуудын байр түр хоргодох байр болж хувирчээ.

Ус зайлуулах хоолойг хуванцар хог хягдлаар бөглөсний улмаас хот тэр чигээрээ үерт автлаа гэж нийгмийн сүлжээ хэрэглэгчид буруушааж байна.

Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо Өмнөд Азийн  энэ үерийг сүүлийн хэдэн жилийн дотор “бүс нутагт болж буй хамгийн том хүмүүнлэгийн хямралуудын нэг” гэж тодорхойлжээ.
Г.Доржханд
相关新闻