Кенид гялгар уут хэрэглэхийг хуулиар хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-28 13:47:22
НАЙРОБИ. /Reuters/. Кени улсад өнөөдрөөс гялгар уут үйлдвэрлэж, хэрэглэхийг хориглож эхэллээ.

Кенид гялгар уут үйлдвэрлэсэн, борлуулсан болон хэрэглэсэн хүмүүст 38 мянга хүртэлх долларын торгууль эсвэл дөрөв хүртэлх жилийн хорих ял оноох ажээ.

Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, байгаль орчныг хамгаалах хүчин чармайлтын хүрээнд ийм хориг тавьж байгаа аж.

Гэхдээ гялгар уут үйлдвэрлэгчид мэдэгдэхдээ “Энэ хоригийн улмаас 80 мянган хүн ажилгүй болж байна” гэв.

Кеничүүд сард ойролцоогоор 24 сая ширхэг гялгар уут хэрэглэдэг гэнэ.



Африкийн өөр хэд хэдэн улс, тухайлбал Өмнөд Африк, Руанда болон Эритрей гялгар уут хэрэглэхийг хуулиар хэдийн хориглоод байгаа юм.

Кенийн Байгаль орчин, менежментийн газар мэдэгдэхдээ “Манай улсад ирж буй гадны жуулчдаас шинэ хуулийг хүндэтгэн гялгар уутаа нисэх онгоцны буудлын дэлгүүрт үлдээхийг хүсэж байна”  гэжээ.

Гялгар уут импортлогч хоёр компани энэ хоригийг эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхэд давж заалдсан аж. Харин шүүх тэдний эсэргүүцлийг хүлээж аваагүй бөгөөд “Байгаль орчны асуудал бол арилжааны ашиг сонирхлоос ч илүү чухал” гэжээ.


 
Европын улс орнуудад хийсэн нэгэн судалгааны тайланд дурдсанаар, үйлдвэрлэх болон тээвэрлэхэд нь зарцуулсан нүүрс хүчлийн хийг нөхөхийн тулд цаасан уутыг наад зах нь 3, гялгар уутыг 4, даавуун уутыг 131 удаа ашиглах ёстой гэнэ.
Г.Доржханд
相关新闻