Дэлхийн дэвжээнд хүч үзэж буй боксчдын гараа ялалтаар эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-08-28 11:56:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Гамбург хотноо болж байгаа сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорьж байгаа манай гурван боксчин эхний тулаанаа хийж бүгд өрсөлдөгчөө илүүрхэн яллаа.

Урьд шөнө тус тэмцээний 64 кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Чинзориг хоёрдугаар тойрогт учраагаа ялснаар хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болов. Тэрбээр эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Унгарын тамирчин Ричард Ковачийг 5:0 харьцаагаар ялсан байна. Б.Чинзориг маргааш буюу мягмар гарагт /2017.08.29/ 2017 оны Европ тивийн аварга, Армяны боксчин Оганес Бачковтой хүрэл медалийн төлөө тоглоно.



Мөн “Хамбург-2017” ДАШТ-ий 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авч чадлаа. Сугалаагаар эхний тойргийн тоглолтыг өнжсөн Г.Ган-Эрдэнэ хоёрдугаар тойрогт Туркийн боксчин Мухаммед Унлутай тоглож, яллаа. Тэрбээр шөвгийн наймын тулаанд буюу хүрэл медалийн төлөө Риогийн олимпийн мөнгөн медальт, Колумбын тамирчин Юберхен Мартинестэй тоглоно. Тэдний тулаан наймдугаар сарын 29-нд болно.



Уржигдар тус тэмцээний 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний ялалтаа байгуулсан юм. Польшийн боксчин Дамиан Кивиортой учраа таарсан Б.Түвшинбат өрсөлдөгчөө 5:0 гэсэн оноогоор илт давамгай ялсан. Тэрбээр хоёрдугаар тойрогт 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын наадмын аварга, Азербайжаны тамирчин Парвиз Багировтой тулалдана.

Энэ жилийн ДАШТ-д Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. “РИО-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Д.Отгондалай 28-29-нд шилжих шөнө эхний тулаанаа хийх хуваарьтай байгаа.
 

Д.Өлзий  

相关新闻