Э.Бэхбаяр ДАШТ-ийн хошой хүрэл медальтан болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Парис хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-д 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ийн хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр дахин хүрэл медалийн эзэн болов.
Тэрбээр, энэ амжилтаараа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь бөхөөр тодорч байна.
Э.Бэхбаяр эхний тойрогт Киргизийн Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Ази тивийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр тэнцэж, онооны чанараар ялагдав. Японы бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарч Ази тивийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт Болгарын туршлагатай бөх Владимир Дубовыг 9:2-оор ялж дэлхийд данстай бөх гэдгээ нотолж ДАШТ-ийн хошой хүрэл медальтан боллоо.
Д.Өлзий