Брюссельд цэргүүдийг хутгалсан этгээдийг устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /ВВС/. Бельгийн нийслэл Брюссель хотод хоёр цэргийг хутгаар шархдуулсан этгээдийг цагдаа нар буудан устгажээ.
Өчигдөр орой Брюсселийн Бульвар Эмиль Жакманы гудамжинд энэ хэрэг болсон байна. 30 настай гэмт этгээдийг буудан шархдуулсан боловч тэрбээр эмнэлэгт очоод амьсгал хураажээ.
Цэргүүдийн нэг нь нүүрэн тус газраа, нөгөөх нь гартаа шарх авчээ.
Өнгөрсөн онд 30 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлагууд болсноос хойш Брюссель хотын гудамжуудад цэргүүд хамгаалалтад гардаг болсон юм.
Бельгийн Ерөнхий прокурорын газрын мэдэгдсэнээр, гэмт этгээд урьд өмнө нь ямар нэг гэмт хэрэгт болон террористуудтай холбогдож байгаагүй боловч халдлага үйлдэх үеэрээ арабаар “Аллах Акбар” буюу “Бурхан бол аугаа” гэж хашгирч байжээ. Тиймээс энэ хэргийг "террорист халдлага" гэж албаны хүмүүс үзэж байгаа аж.
Г.Доржханд