Орхон аймагт 44.6 км үерийн далан барих шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-08-25 19:19:07
oyuka_hu@yahoo.com
Орхон/ МОНЦАМЭ/ Онцгой Байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан “Улсын Онцгой комисс”-ын баг  Орхон аймгийн өвөлжилтийн бэлтгэл байдал болон  зургаа,  наймдугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн зам, гүүр, үерийн далан, сувгийн байдалтай танилцлаа.
 Орхон аймгийн Баян-Өндөр уулын баруун, зүүн хэсгээр үер урсаж аймгийн төвийг усанд автуулдаг  бөгөөд үүнийг шийдэхэд 44.6 км үерийн далан барихад 22.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Иймд энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг “Улсын Онцгой комисс”-т уламжиллаа.
Харин газар тариалан, мал аж ахуйн салбарын хувьд бэлтгэл байдлаа сайтар базаавал өвлийг өнөтэй давж чадна  гэж ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий хэллээ.  Тиймээс аймгийн Аюулгүй нөөцөд 60 тн өвс, 30 тонн тэжээл, Баян-Өндөр, Жаргалант суманд тус бүр 150 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээр зэхэж байгаа ажээ. Хотын инженерийн шугам сүлжээ болон Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлэн байдал  73.2 хувьтай байгаа талаар Хотын захирагчийн албаны мэргэжилтэн Б.Одгэрэл мэдээллээ. Цаашид 35/6кВт Өмнөд дэд станцыг өргөтгөхгүй бол аймгийн эрчим хүчинд доголдол үүснэ гэдгийг  ч мөн хэллээ.
Эдгээр мэдээллийг сонссоны дагаа ОБЕГ-ын дэд дарга,хурандаа Ц.Ганзориг,  ургац хураалтын үед хүний хариуцлагагүй байдлаас болж ургац алдахгүй байх, сүрлийг багцалж хураах, хадлан тэжээл бэлтгэх, улмаар малчдад дэмжлэг үзүүлэх,  цаг агаарын мэдээллийг нэгдсэн журмаар Ус цаг уур, орчны шинжилгээний газарт явуулж байх, зөрүүтэй мэдээлэл цахим орчинд тавихгүй байх, малчдыг өөрсдийн хүчээр өвлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх, малын  даатгалд малчдыг хамруулах ажлыг зохион байгуулах үүрэг өглөө.
       
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻