Бразилд усан онгоц живсний улмаас 7 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРАЗИЛИА. /anadolu/. Бразилийн Амазоны бүс нутагт 70 зорчигч тээж явсан усан онгоц живсний улмаас 7 хүн амиа алджээ.
“Лхагва гарагийн өглөө 25 хүнийг эсэн мэнд аварч чадсан” гэж "Пара мужийн Аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна. Мөн 5 том хүн, 1 өсвөр насны хүүхэд, 1 нялх хүүхдийн цогцсыг олжээ. Хэдэн арван хүн одоо болтол сураггүй хэвээр байгаа юм.
Тус онгоц даваа гарагийн орой Сантарем хотоос гарч Пара мужийн Витория ду Шингуг зорин явж байсан бөгөөд Порто до Мозын эрэг орчимд живжээ.
Орон нутгийн цагдаагийн албанаас ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Орон нутгийн албаныхны эрэл хайгуулын ажилд туслахаар тэнгисийн цэргийн албанаас онгоц, эргүүлийн усан онгоц зэргийг илгээгээд байна. Усан онгоцоор аялах явдал нь Бразилийн Амазоны бус нутгийн гол гол замуудын дагуу нийтлэг хэрэглэгддэг аялалын нэг ажээ.
Х.Сарнай