ОХУ Курилын арлуудыг эдийн засгийн онцгой бүс болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-08-24 08:08:13
МОСКВА. /NHK/. Оросын мэдэлд байдаг боловч Япон улс өөрийн харьяаны нутаг дэвсгэр гэж үзэн нэхэмжилдэг дөрвөн арлыг “эдийн засгийн онцгой бүс” болгох тухай баримт бичигт ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зуржээ.

Алс Дорнодын Сахалин мужид өчигдөр болсон уулзалтын үеэр Д.Медведев энэ тухай мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ “ОХУ Курилын арлуудад загасчлалыг хөгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлэх болно” гэжээ.

ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яам Курилын арлуудын нэгэн дээр нь 120 сая доллароор далайн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барьж, 700 гаруй ажлын байр бий болгох төлөвлөгөө гаргасан байна.

Энэ нь ОХУ болон Япон улсын хэлэлцэж буй “Курилын арлуудад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх” төлөвлөгөөтэй зөрчилдөж байна.

Курилын арлууд буюу Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофү гэсэн дөрвөн арал нь Оросын эзэмшилд байдаг боловч Япон улс өөрийн харьяаных гэж үздэг юм.

Японы Засгийн газар энэ дөрвөн арлыг "улсынхаа нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд эдгээр арлыг дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан" гэж үздэг билээ.

Г.Доржханд
相关新闻