Завханы нийт нутгийн 75 хувь нь гандуу өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг-2 ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсон, комиссын үйл ажиллагаатай танилцав.
Завхан аймгийн хувьд зуншлага оройтож, нийт нутгийн 75 хувь гандуу, гантай байгаагаас бэлчээрийн даац багтаамж нийт нутгаар хэд дахин хэтрэх, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байгааг ажлын хэсэгт танилцууллаа. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын захирамжийн дагуу төв суурин болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгүүдийг томилон ажиллуулсан байна. Ажлын хэсэг гандуу байгаа говийн зургаа, хойд чиглэлийн долоон суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, зөвлөмж өгч ажилласан байна. Мөн аймгийн Онцгой байдлын газраас сумдад ажиллах үеэрээ сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлгэж шаардлагатай үед дайчлагдан ажиллах хүн, хүч тээврийн хэрэгслийн томилгоо хийж бэлтгэлийг хангуулсан. Завхан аймагт улсын нөөцийн таван цэг салбарт нэмж 700 тн өвс,700тн тэжээл бэлтгэх тендерийн ажлыг зохион байгуулахаар тендерийн урилга, зарыг явуулаад байгаа. Харин аймгийн өвс тэжээлийн нөөцийг орон нутгийг хөгжүүлэх сангаас 100 сая төгрөг гаргаж хоёр удаа тендер зарлагдсан боловч байгалийн хадлангийн ургац муу, бэлтгэгдэх өвс тэжээлийн зардал өссөнөөс санал болгосон үнээр өвс, тэжээл бэлтгэх санал ирүүлээгүй байгаа. Мөн сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл нөөцлөх үүрэг чиглэлийг хүргүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсгийнхэнд мэдээллээ.
Б.Мягмарсүрэн