Зарим гүний худгийн гэмтлийг тогтоохоор ирэх сард ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-21 16:58:56
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй сумын зарим гүний худгийн гэмтлийг тогтоохоор ирэх сард ажиллах ажээ.
Тус 
сумын Засаг даргын тамгын газраас  Алтайн Өвөр говийн сав газрын захиргаанд ирүүлсэн хүсэлтийн дагуу ийнхүү ажиллах гэж байгаа гэнэ. Тэд Сэврэй сумын зарим гүн өрмийн худгуудыг дурандаж, худагт үүссэн гэмтлийг тогтоож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм байна.
Сав газрын захиргааны ашиглаж буй Geovision дуран 280 метр хүртэл гүнг дурандах боломжтой аж. Гүн өрмийн худгуудыг дурандан гэмтлийн шалтгааныг тодруулж, дурангийн бичлэгийг сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөх юм байна. 
Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслөөс өнгөрсөн онд уг дуранг сав газрын захиргаанд газрын доорхи усны цооногийн хяналтын дуранг хүлээлгэн өгсөн юм. Уг хяналтын дурангаар цооногийн бүрэн бүтэн байдал, хийц тоноглолыг шалгах боломжтой юм байна. 
Алтайн Өвөр говийн сав газрын захиргаанаас Баяндалай, Ноён, Хүрмэн, Гурвантэс сумдууд худаг дурандуулах шаардлагатай бол сав газрын захиргаанд хүсэлтээ гаргахыг зөвлөж байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻