Борнуур сумын ҮЭ-ийн хороон дарга Ц.Рэнцэн гуайг шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өдгөө 83 нас хүрч байгаа Борнуурын сангийн аж ахуйд тракторчин, механикчаас даргын ажил хүртэл нийт 32 жил ажилласан Борнуур сумын Үйлдвэрчний Эвлэлийн хороон дарга Ц.Рэнцэнг өнөөдөр "Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар шагналаа.
Шагналыг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Борнуурын сангийн аж ахуйн хороон дарга Ц.Рэнцэн гуайд гардуулсан бөгөөд 100 мянган төгрөг дагалдав.
Борнуур сумын ҮЭ-ийн хороон дарга Ц.Рэнцэн хэлэхдээ, "Энэ хүндтэй шагнал хүртсэндээ шагнал хүлээж авсандаа баяртай байна. Залуус эрхэлсэн ажилдаа өөриймсөг, эх орныхоо төлөө зөв сэтгэлтэй хөдөлмөрлөж явбал хөдөлмөр хэзээд үнэлдэг юм" хэмээв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, "Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд байх үед 860 гаруй үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй, 1000 орчим ажилчидтай байсан. Гэтэл өнөөдөр ҮЭ-ийн үйл ажиллагаа тарамдуухан байна" гэв.
Дашрамд дурдахад, 100 жилийн тэртээх МҮЭ эдүгээ 450 мянган гишүүнээр хүрээгээ тэлж, тэгш ойн баяраа амжилт бүтээлээрээ арвин угтаж байна. Тэртээ 1917 онд байгуулагдсан тус байгууллага олон жил идэвх зүтгэлтэй ажилласан ҮЭ-ийн 46 шилдгүүдийг тодруулж урамшуулсан юм.
Т.Есүхэйтөмөр