Зөрчилтэй уурхайнуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-16 17:09:20
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Алтанбулаг сумын Бөхөгийн хөндийд өчигдөр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжүүдэд  шалгалт хийсэн байна.

Аймгийн Засаг даргын шийдвэрээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий ажлын хэсгийнхэн Алтанбулаг суманд ажиллав. Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Бөхөгийн хөндий орчмын түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй уурхайнуудад хяналт шалгалтыг явуулав.

Ажлын хэсэгт аймгийн Байгаль орчны газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн газар болон Алтанбулаг сумын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүд багтсан юм.

Алтанбулаг сум Улаанбаатар хоттой хамгийн ойр байрладгаараа онцлогтой. Тус суманд өнөөдрийн байдлаар хайгуулын ашиглалтын лицензтэй 32 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа уурхайнуудад хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгөв. Мөн зарим зөрчилтэй болон хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Ажлын хэсгийн дүн хараахан гараагүй байна гэж аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар хэлэв.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻