Үйлдвэрчний эвлэлийн сонгуультнууд Хөдөлмөрийн суурь хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-15 11:08:28
Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Ховд аймагт Үйлдвэрчний Эвлэл байгуулагдсаны 91 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Түүхт ойн баярын үйл ажиллагаанд Үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан ахмад ажилтнууд,тус аймгийн сум байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультнууд оролцлоо. Энэ үеэр Есөн аравны түүх ба Ховдын Үйлдвэрчний эвлэл, эрдэм шинжилгээний хурал болж, Үе дамжсан Үйлдвэрчний эвлэл нэртэй сонгуульт ажилтнуудын гурван үеийн уулзалт зохион байгууллаа.
Энэхүү гурван үеийнхний уулзалт дээр дунд үеийнхнийг төлөөлөн оролцсон Алтай сумын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Б.Энхтөр “1990 онд Үйлдвэрчний эвлэлийн гишүүд цөөрч, тухайн үед төсөвт байгууллагууд цалингаа авч чадахгүй гурван сар болж хүндхэн байх үед Үйлдвэрчний эвлэл дуу хоолойгоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж, цалинг олгуулж байсан.Үйлдвэрчний эвлэл аль нэг нам дагах ёсгүй, Хөдөлмөрийн суурь хуульд өөрчлөлт оруулж, хөдөлмөрийн хүний эрх ашгийг хэн нэг нам, хүчний байгууллага зөрчдөг асуудлыг зогсоох хэрэгтэй байна” гэв.
Залуу үеийг төлөөлөн оролцсон тус аймгийн Цэцэг сумын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга н.Баатар “Хүний төлөө ажиллахдаа ахмад үеийнхнээс суралцаж, үлгэр дуурайлыг нь өвлөх нь бидэнд ус агаар мэт чухал байна.Шинэ үеийн төлөөллийн хувьд хөдөлмөрийн хүний төлөө үр дүнтэй ажиллаж,ирээдүйн түүхийг бид бүтээлцэнэ” гэдгээ илэрхийллээ.
Ахмад үеийн төлөөлөл Ч.Бямбажав "Үйлдвэрчний эвлэлийн ажилтан хүн Хөдөлмөрийн тухай хуулийг тангад ном шиг мэддэг байх, хаана хүний эрх ашиг зөрчигдөж байна тэнд хүрч ажиллах, ялангуяа малчид, хувийн хэвшлийнхний эрх ашиг байнга зөрчигдөж байдаг. Энэ асуудалд төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэдэг чухал санал дэвшүүллээ.
Олон аравны түүхтэй Үйлдвэрчний эвлэлийн түүхт  ой  Хөдөлмөрийн хүний эрх ашгийн төлөө дуу хоолой нь байх үүргийг чанд сахиж ажиллахыг урьтал болгож, морь уралдуулж, бөх барилдуулж сүр дуулиан болоогүй юм. Зөвхөн хүний эрх,  хөдөлмөрийн хүний эрх ашгийн төлөө ажиллахад ахмад үеэс суралцах, туршлага судлах, хүний төлөө ажиллана гэдгийг олон нийтэд таниулахад чиглэгдлээ.
Мөн Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн алдрын буланг аймгийн Музейд байршуулан алдаршууллаа.
А.Бямбасүрэн
 
 
 
 
 
相关新闻