Төв аймагт мал хулгайлах гэмт хэрэг зонхилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-14 16:19:27
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн дийлэнх хувийг малын хулгай, танхайрах, зам тээврийн осол эзэлж байна. 

Газар зүйн байрлал, дэд бүтцийн онцлогоос шалтгаалж Төв аймагт гэмт хэрэг олноор үйлдэгддэг бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал хүнд байдаг. Үйлдэгдэж буй нийт гэмт хэргээс хүний амь бие эрүүл мэндийн эсрэг 31, зам тээврийн осол 21, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг 48 хувийг тус тус эзэлж байна.

Хагас жилийн байдлаар иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудаас аймгийн Прокурорын газарт нийт 1123 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээс 574-т эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 407 эрүүгийн хэрэг үүсгэж, 20 гомдол мэдээлэлд харьяаллын дагуу бусад газар руу шилжүүлэн шийдвэрлээд байна гэж аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Сонинмөнх хэллээ.

Тэрбээр цааш нь ярихдаа, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 690 хэрэгт хяналт тавин ажилласан. Үүнээс хагас жилийн байдлаар 83 хэргийг эцэслэн шийдвэрлээгүй ажиллагаанд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн хэрэг 95, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 198, шүүхэд шилжүүлсэн хэрэг 221 эрүүгийн хэрэг байна. Нийт гэмт хэргүүдийг ангиллаар авч үзвэл хөнгөн ангиллын хэрэг 213, хүндэвтэр 344, хүнд 41, онц хүнд 22 тус тус үйлдэгдсэн байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд аймгийн прокурорууд нийт 202 удаа, давж заалдах шатны шүүх хуралд 31 удаа, хяналтын шатны шүүх хуралд таван удаа тус тус оролцож санал дүгнэлт гаргасан байна. Ял эдлүүлэх хяналтын чиглэлээр хорих анги болон цагдан хорих байр болон баривчлах байранд 18 удаа шалгалт хийж, 24 удаа үйл ажиллагаатай танилцжээ.

Түүнчлэн прокурорын хяналтын үйл ажиллагаатай холбоотой нийт 172 гомдол хүсэлт хүлээж авснаас 63-ыг нь шийдвэрлэж, 131-ийг шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻