Н.Энхчимэг: Гарал үүслийн гэрчилгээгүй малыг отроор явуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-12 23:33:07
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг энэ жил 16 төрлийн халдварт өвчний эсрэг вакцинжуулалтад давхардсан тоогоор 2,5 сая бог малыг хамруулах ёстойгоос өнөөдрийн байдлаар мал угаалгын явц 85 хувьтай явагдаж байна.

Өнгөрсөн жил Төв аймгийн 17 сумыг хамарсан малын гоц халдварт цэцэг өвчин дэлгэрсэнтэй холбоотойгоор энэ жил аймгийн ХХААГ-ын даргын төлөвлөгөөт албан тоотыг сумдад хүргүүлээд байна. Албан тоотын хүрээнд 2,5 сая бог малыг хоёр удаа угаах, малын шилжилт хөдөлгөөнд онцгой хяналт тавих юм. Хоёр удаагийн бог мал угаалга зуравдугаар сараас аравдугаар сарын хооронд явагдана.

Мал угаалгад өнөөдрийн байдлаар 23 сумын 116,6 мянган толгой бог хамрагдаад байна. Харин Баяндэлгэр, Дэлгэрхаан, Баянцогт, Борнуур зэрэг дөрвөн суманд мал угаалгын ажил хараахан эхлээгүй байна. Мөн энэ жил гантай, зуншлага тааруу байгаатай холбоотойгоор малчид нүүдэл, суудал ихээр хийж байна.  Үүнээс болж мал угаах эрүүлжүүлэх ажил удаашралтай байгааг албаны хүмүүс хэлж байв.

Түүнчлэн шүлхий өвчний нөхцөл байдалтай уялдуулан улсын Мал эмнэлэг үржлийн газарт 11 сумын 346,9 мянган толгой малыг вакцинжуулах захиалгыг хүргүүлээд байна. Одоогийн байдлаар шүлхий өвчний вакцинжуулалт 54,2 хувьтай явагдаж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажилд нийт 28 ажлын хэсэгт 79 мал эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

“Энэ жил малчдын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл зуншлага тааруу байгаатай холбоотойгоор их байна. Энэ байдлаас болж малын гоц халдварт өвчин нэмэгдэх эрсдэл тулгараад байна. Малчдад анхааруулахад гарал үүслийн бичиггүй малыг отрын бүс нутгаар явуулахгүй. Уг бичгийг авахын тулд малаа сумын Мал эмнэлгийн арга хэмжээнд бүрэн хамруулсан байна. Хэрэв отроор явах тохиолд "Гарал үүслийн бичиг"-тэй байвал таны малыг отрын бүс нутагт асуудалгүй явуулах, хүлээж авах боломжтой” хэмээн аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Н.Энхчимэг онцлов.

Т.Есүхэйтөмөр

 
相关新闻