БНХАУ-ын Вейнхэй хотын Венден дүүрэг Төв аймагтай хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-09 17:25:13
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Хоёр талын найрсаг харилцааг боломжтой бүхий л салбарт хөгжүүлэх үүднээс БНХАУ-ын Вейнхэй хотын Венден дүүргийн төлөөлөгчид нөхөрсөг айлчлалыг өнөөдөр Төв аймагт хийж байна.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Вейнхэй хотын Венден дүүргийн төлөөлөгчид аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай уулзалт хийсэн юм. Аймгийн Засаг дарга энэ үеэр "Өнөөдрөөс бидний хамтын ажиллагаа илүү өргөжин тэлж цаашлаад хоёр талын хөгжлийг дэмжих чухал алхам болж байна.  Цаашид хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн оролцоог хангахад уг хамтын ажиллагааны зорилго оршиж  байна" гэсэн юм. 

БНХАУ-ын Вейнхэй хотын Венден дүүргийн төлөөлөгчид Төв аймгийн аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, эдийн засаг, уул уурхайн салбарт хамтарч ажиллах бүрэн боломжтой талаар Вейнхэй хотын Венден дүүргийн аялал жуулчлалын хэлтсийн дарга Лиан Шиан Дун илэрхийлж байлаа. 

Уулзалтын үеэр талууд харилцан хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаараа хэлэлцсэн юм.

Вейнхэй мужийн аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны мэдээллийг танилцуулж буй нь гадаад харилцаагаа өргөжүүлэх чухал гүүр болж байна гэдгийг Вейнхэй хотын Венден дүүргийн санхүү худалдаа үйлдвэрлэлийн газрын дарга Ван Шинь Хуа Венд онцлов.

 
Т.Есүхэйтөмөр
相关新闻