Катартай яриа хэлэлцээ хийхийг АНЭУ-аас хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-09 15:58:12
АБУ-ДАБИ. /Kyodo/. Катартай дипломат маргаанаа яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ Японы Гадаад харилцааны сайд уриалжээ.

Японы Гадаад харилцааны сайд Кэнтаро Соноүра өчигдөр Абу-Даби хотноо АНЭУ-ын Гадаад хэргийн сайд  Шейх Абдулла бин Зайед Ал Нахантай уулзсан байна.

Лалын хэт давруу үзэлтнүүдийг дэмжиж байна гэх үндэслэлээр АНЭУ, Саудын Арави болон Персийн булангийн бусад хэд хэдэн улс энэ сарын эхээр Катартай дипломат харилцаагаа тасалсан юм. Эдгээр улс орон нь Катар руу явахыг ард иргэддээ хориглож, тус улсаас бараа бүтээгдэхүүн импортлохыг, мөн тус улсад бүтээгдэхүүн нийлүүлэхийг хязгаарлаад байгаа билээ.

Катар болон Персийн булангийн улсуудын хооронд үүссэн энэ дипломат маргааныг шийдвэрлэхийн тулд Кувейт зуучийн үүрэг гүйцэтгэж байна. Талуудын энэ маргаан нь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй эвслийн хүчний өрнүүлж буй цэргийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Кувейтийн албаны хүмүүс анхааруулж байна.

Терроризмтой тэмцэхэд бусад улс орны гаргаж буй хүчин чармайлтыг харгалзан үзэж, сөргөлдөөнөө яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг сайд К.Соноүра АНЭУ-ын сайд Абдуллагаас хүссэн гэж Японы засгийн газрын албаны хүн хэлэв.
Г.Доржхан
相关新闻