Трамп зар сурталчилгааны улмаас Канадын татварыг нэмэгдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-26 13:31:54

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 26 /Kazinform/. Цагаан ордны тэргүүний бодлогыг шүүмжилсэн видео сурталчилгааны улмаас Канадын бараанд ногдуулсан татварыг дахин 10 хувиар нэмэгдүүлж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт мэдэгджээ.


Уг сурталчилгааг шулуун шударга үг хэлдгээрээ алдартай, Онтарио мужийн захирагч Даг Фордын захиалгаар бэлтгэжээ. Зар сурталчилгаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы “тарифууд худалдааны дайн, эдийн засгийн сүйрэлд хүргэдэг” хэмээн хэлсэн үгийг ашиглажээ.


Үүний дараа Трамп Канадтай хийж байсан худалдааны хэлэлцээг зогсоож, Онтарио мужийн эрх баригчдыг "үзэгчдэд худал ойлголт төрүүлсэн" гэж буруутгажээ. Даг Форд мужийнх нь эсэрг тарифын сурталчилгааны кампанит ажлыг түр зогсоохоор болсноо баасан гарагт мэдэгдсэн байна. 


Канадын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй АНУ-ын тарифыг хамгийн ширүүн шүүмжилдэг хүмүүсийн нэг бол Даг Форд юм. Тэрбээр Канадын Ерөнхий сайд Марк Карнитай ярилцсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдээд "худалдааны хэлэлцээг дахин эхлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд" телевизийн сурталчилгааг даваа гаргаас түр зогсооно гэжээ. 


Гэсэн хэдий ч Трамп бямба гарагт “Truth Social” нийгмийн сүлжээндээ  шинэ пост нийтэлж, уг сурталчилгааг "луйврын" гэж нэрлээд “Тэд баримтыг ноцтойгоор гуйвуулж, дайсагнасан үйлдэл хийсэн тул би Канадад ногдуулах тарифыг одоо төлж буй хэмжээнээс 10 хувиар нэмлээ” гэж бичсэн байна. 


Үүнээс өмнө Канадын Ерөнхий сайд сэтгүүлчдэд хэлэхдээ, “АНУ-ын тал бэлэн болсон үед” бид худалдааны хэлэлцээг дахин эхлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.

相关新闻