Хар хорум хот өрнө, дорныг холбосон дэлхийн худалдааны төв байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
gantuya@montsame.mn
2017-08-09 15:19:46
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг байгалийн үзэсгэлэнт болон түүхэн өв соёлын олон сайхан газартай. 
Хүйсийн найман нуур

Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд зүгт 45 км зайд, үзэсгэлэнт Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэгдэх эдгээр нуур хоорондоо 500 метрээс 3 км хүртэл зайтай оршдгоос хамгийн том нь Ширээт нуур юм.



Далайн төвшнөөс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн дээрх нууруудыг нийтэд нь Хүйсийн найман нуур хэмээн нэрлэдэг ба галт уулын чулуулаг тархсан, бартаа чулуу ихтэй ч байгалийн үзэсгэлэн бүрдсэн учраас жуулчид ихээр очих болж, жуулчны баазууд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Уг бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг аж.

Улаан цутгалантын хүрхрээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээг Улаан цутгалант гэх бөгөөд Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг.



Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урссанаар хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага  үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан тэрхүү хавцлыг үүсгэсэн байна.
 
Төвхөн хийд
 
Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ.
Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Уг нэр өдгөөг хүртэл сунжирсан Төвхөн хийд хэмээн нэрлэгдсэн байна.



Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон  хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэнэ. Энэ 2 худгаас анхдугаар Богд цайны ус болон угаал үйлдэх усаа авч байжээ. Баруун хойд талын хаданд Өндөр гэгээний ажлын, түүний зүүн талд номын сангийн агуй нь байдаг. Түүний баруун хойд хадан дээр Өндөр гэгээний монгол гутлын мөр (38 сантиметр), гарын алганы мөр үлдсэн хэмээдэг. Халх Ойрадын дайн самуунаас хойш тус хийд бараг эзгүйрэн орхигдож байгаад 1773 оноос хурал номын ажлыг тогтмол болгон сэргээжээ. Хожим Эрдэнэзуугийн цорж лам Балганшадбидоржоос хойш 1939 он хүртэл Сайн ноён хан аймгийн гол хүрээ болох Уянгын хүрээний лам нар ээлжлэн ирж хурал хурдаг байжээ.

Арц Богд уул

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр өргөгдсөн, ар тал нь эгц, хадархаг, үзэсгэлэн төгс хайрхан юм.
Олон салбар уулстай, тухайлбал Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц Богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг.



Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг, алтан дуулгат хайрхан юм.
Хархорум хотын туурь

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын суурь тавигдсан нь VIII зуунаас эхэлсэн бөгөөд түүнийг эхлээд “Тайгал Шивээ” хэмээн нэрлэж байв. Хожим нь XIII зууны үед Хэрэйдийн Ван хаан төвлөн сууж асан хийгээд дараа нь Монголын цэрэг зэвсгийн агуулах болж байсан Орхон гол, Хар Хүрэмт уул хоёрын завсрын эл сууринд Монгол Улсын их эзэн Чингис хаан улсынхаа нийслэлийг төвлөрүүлэхээр шийджээ.



Түүний хүү Өгөдэй хааны үед 1235 оноос хотыг өргөтгөн бариулж тойруулан хэрэм цогцлоон “Түмэн амгалант” хэмээх том орд бариулж эхэлсэн байна. Хотын хамгийн үзэсгэлэн төгөлдер хэсэг болох Өгөдэй хааны “Түмэн амгалант” ордыг хотын баруун өмнөд хэсэгт харшийн цогцолбор байдлаар тусгай дөрвөлжин хэрмэн дотор барьж байжээ.

Хархорум хот шавар хэрэм, дөрвөн хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Хотод хятад, орос, франц, англи, мажаар зэрэг дэлхийн олон орны хүн суудаг өрнө, дорныг холбосон тэр үеийн дэлхийн улс төр, соёл, эдийн засаг, худалдааны том төв байсан юм.
Монголын их хаад аливаа шашныг ялгаварлалгүй адилхан дээдлэн үзэж эрхэмлэн хүндэтгэдэг байсан тул Хархорум хотод буддахрист, исламын шашны 12 сүм дуганд хурал хурж, мөргөл үйлддэг байжээ. Хотод Өгөдэй хаан анх суурийг нь тавьж Мөнх хааны үед барьж дуусгасан таван давхар өндөр суварга байсныг 1311 болон 1342-1346 онд дахин сэлбэн зассан тухай Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж үлдсэн нэгэн хөшөөний бичээст тодорхой өгүүлсэн байдаг ажээ.
Монголын эзэнт гүрний 5 дугаар хаан Хубилай Монголын эзэнт гүрний нийслэлийг Дайду буюу одоогийн Бээжинд шилжүүлснээр Хархорум хотын нөлөө багассан. Мөн 1380 онд 30 мянган хүн амтай Хархорум хотыг Мин улсын 100 мянган цэрэг ирж довтлон сэргээх аргагүй болтол нь галдан шатаажээ. Хархорум хот 140 жил оршин тогтносны 32-хон жил нь Монголын эзэнт гүрний нийслэл байсан байна.
Эрдэнэ зуу хийд

Тус хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Буддын шашны хийд юм. Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй. 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсөн дагуу Хархорум хотын нэгэн хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр суурь нь тавигджээ.
Ийнхүү 1586-1674 онд Гурван зуу сүм, Ригсүм Гомбо сүмүүдийг, 1701-1705 онд Очирдарь сүм, Авид сүм, Их суваргын чуулбаруудыг, 1771-1792 онд Цогчин их дуган, Лаврин сүмүүдийг тус тус бариулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийд анх удаа их засварт орсон бөгөөд 7 дугаар ширээт лам Дагвадаржаа ламтан удирдаж хятадын Юн-да-а пүүс гүйцэтгэл хийжээ. Энэ засварын үеэр хуучин Тахай балгасны хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна.



1802-1813 онд ноёд тайж, лам хувраг, сүсэгтэн ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суварга нэмж хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Өдгөө хийдийг тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаа нь хааш хаашаа 420 метр юм. 1782 онд 50 хувраг сурагчтайгаар Бодь мөрийн сургуулийг байгуулжээ. Монголын ноёд, язгууртнууд хэрмийн дотор өөрийн дугантай байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг байсан учраас Түшээт ханы болон ноён Цэвээнжавын дуган, Очирдарийн дуган гэх мэт олон сүм дуган баригдан 1792 он гэхэд 62 сүм, 500-гаад барилга байшинтай, 10 мянган ламтай болж өргөжсөн байна. Өдгөө 18 сүм дуган үлдсэн бөгөөд одоо тус хийдэд анхны барилгуудаас Гурванзуугийн сүмүүд, Зуугийн сүм, Их суварга, Сэрүүн Лаврин бий. Хийдийн хашаан дотор Хархорум хотын тууринаас олдсон чулуун хөшөөнүүд үлдсэн байна.

Хужиртын рашаан

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газарт, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 390 км-т оршдог.
Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчийн зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчний үед хэрэглэнэ.



Эмчилгээг шавраар, усаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар зохион байгуулдаг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай өөрөөр хэлбэл, кардиогены шок, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин IIБ түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илрэлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хужирт рашаан сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжид 350-600 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Тэвш уул

Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүгт салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон төрлийн хадны сүг зураг байхаас гадны булш хэрэгсүүрүүд ч олон байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын элсийг зорих аялагч жуулчид Тэвш ууланд саатан хадны сүг зураг дүрслэлийг үзэж сонирхох нь их болсон.



Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан зургууд голлоно. Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрсэлсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургууд үхэрт нуруу ачсан, ямар нэгэн зүйлийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрсэлсэн байна.
Б.Батчимэг

相关新闻