Ирээдүйн анагаах ухаан: биошил мэс заслын ухаанд хувьсгал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-08-08 17:04:08
ЛОНДОН./BBC/. Өнгөц харахад шил нь хугарсан ясыг орлуулахад нэг их тохиромжтой зүйл биш мэт санагдах нь мэдээж, гэвч Британийн мэс засалчид “биошил” гэдэг нэртэй шил нь хүний яснаас бат бөх байдгаар тогтохгүй хотойж ба пүржинлэж, тэр битгий хэл халдвар устгаж чадна гэж үзэж байгаа ажээ. Харин энэ нь анагаах ухааны хувьд юу гэсэн үг вэ?

Энэ хэрэг явдал 2002 онд болжээ. Лондоны Хааны коллежийн нүүрний ясны заслын мэрэгжилтэн Иэн Томпсон руу нэгэн цөхрөнгөө барсан өвчтөн утасджээ.
Тэр өвчтөн хэдэн жилийн өмнө осолд орж хүний нүдийг аяганд нь тогтоож байдаг маш хэврэг нимгэн ясаа гэмтээжээ.
“Энэхүү нимгэн 11 мм-ийн зузаантай яс байхгүй бол таны нүд гавлын цаад тал руугаа шигдчихдэг юм. Үүний улмаас таны нүдний хараа муудан, фокус алдагдан өнгө ялгах чадвараа алддаг” хэмээн Томпсон эмч тайлбарлажээ.

Мэс засалчид гурван жилийн турш дээрх өвчтөний нүдний алимыг нь хэвийн байрлалтай болгох гэж янз бүрээр оролдсон ч бүтэлгүйтжээ. Яс орлуулан мэс засал хийснээс хойш хэдэн сарын дараа гэхэд өвчтөний бие махбодид халдвар үүсч хүчтэй өвдөлтөөр дамжрах болжээ. Ингэснээр эмч нарын арга нь барагджээ.

Томпсон эмч дээрх өвчтөний нүдний алимыг хэвийн байрлалд барих дэлхийд анхны имплантыг бүтээхээр шийджээ.

Энэ зорилгод хагарамхай хэврэг шил хэрэглэх санаа нь өнгөц харахад бүтэшгүй мэт санагдах нь мэдээж.  Гэхдээ уг шил нь ердийн шил биш юм.

“Хэрвээ хүний биед ердийн цонхны шилний хэлтэрхийг суулгах юм бол маш хурдан сорвийн эдээр урган хучигдаж улмаар хэсэг хугацааны дараагаар биеэс түрэгдэн гарах болно. Харин хүний биед биошилийг суулгах юм бол уг шилийг хөхөж эхэлснээр ион ялгаруулж, тэдгээр ионууд нь хүний дархлааны системтэй ярилцаж, эд эсүүдэд юу хийхийг нь хэлж өгдөг. Ийм маягаар, бие махбодь биошилийг гадны биет гэж хүлээж авахаа больж, улмаар яс, зөөлөн эдтэй залгагдан ургаж ясны материалын үүслийг дэмждэг” хэмээн Лондоны эзэн хааны коллежийн биоидэвхт шилний мэргэжилтэн Жулиан Жонс ярьжээ.

Томпсон эмч шаардагдах үр дүндээ тун богино хугацаанд хүрчээ. Өвчтөн бараг шуудхан шахуу л хараа нь сэргэж, өнгө ялгах чадвар, хараа нь хэвийн болсон байна.

Томпсон эмч уг тохиолдлоос хойш биошилийг имплант болгон ашиглах дээр үргэлжлүүлсэн ажилласны дүнд осол аваарт орж гэмтсэн 100 гаруй өвчтөнд бодит туслалцаа үзүүлж чаджээ.
“Үнэн хэрэг дээрээ биошил нь хүний ясны материалаас илүү сайн байдаг юм. бидний ажигласнаар биошил нь бага багаар уусахын хирээр натрийн ион ялгаруулж, нян бактерийг устгадаг. Ийм маягаар, огтхон ч санаандгүй биошил антибиотик эмийн тун гайгүй үйлчилгээтэй нь тогтоогдсон юм” хэмээн эмч ярьжээ.

Биошилийг анх 1969 онд Америкийн эрдэмтэн Ларри Хенч бүтээжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд эрдэмтэд биошилийг хүний ясанд бага зэргийн цууралт үүссэн тохиолдолд ясны дефектийг арилгах зорилгоор нунтаг хэлбэрээр ашиглаж иржээ.

2010 оноос эхлэн биошилэн нунтгийг “Sensodyne Repair and Protect” шүдний оо-нд гол найрлага болгон хэрэглэх болсон нь биоидэвхт материалыг хэрэглэх хамгийн түгээмэл тохиолдол болсон юм.  
Ийм шүдний оогоор хүн шүдээ угаахад биошил уусан кальцийн фосфатын ионыг ялгаруулж, улмаар тэдгээр нь шүдний эдийн эрдэс минералуудтай холбогддог байна. яваандаа бага багаар тэдгээр нь шүдний эдийг сэргээхэд дэмжлэг нөлөө үзүүлж эхэлдэг ажээ. 
О.Барс 
相关新闻