Орос, Хятад хоёр Сарыг хамтран судлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-08-07 16:19:29
МОСКВА./TASS/. Орос, Хятад улс энэ оны намар Сарны судалгаа хийх, Дэлхийн алсын зайны тандалт ажиглалтын салбарт хамтран ажиллах тухай тусгасан 2018-2022 онд сансрын салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурна гэж “Главкосмос” компани мэдээлснийг ТАСС иш татан мэдээлжээ. 

Тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, Хятадын түншүүдтэй Сар болон алс холын сансар огторгуйн судалгаа, сансрын аппаратууд, газрын дэд бүтэц, элементийн бааз ба материалууд, Дэлхийн алсын зайн тандалтын өгөгдлүүд зэрэг чиглэлээр хамтран ажиллах ажээ. Мөн “Главкосмос” компани Хятадын түншүүдтэйгээ Олон улсын сансрын станц дээр туршилт хийх, Оросын сансрын аппаратуудаас Дэлхийн алсын зайн тандалтын мэдээллийг нийлүүлэх асуудлыг мөн хамтран боловсруулж байгаа юм.

Үүнээс өмнө Хятад улс “Энергомаш” НПО компанийн үйлдвэрлэсэн Оросын дэлхийд хамгийн хүчирхэг “РД” цувралын пуужингийн хөдөлгүүрийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан бол “Оросын сансрын систем” компани Хятадын цахим бүрдлийн баазыг сонирхож байсан юм. Түүнчлэн Хятад Орос улсууд “ГЛОНАСС”, “BeiDou” пуужингийн навигацын системийг харилцан нөхөх, хоёр улсын нутаг дэвсгэр дээр залруулагч газрын станц суурилуулах ажлыг хийж байгаа ажээ. Үүнээс гадна, дээрх хоёр орон багтдаг "БРИКС"-ийн хүрээнд Дэлхийн алсын зайн тандалтын нэгдсэн системийг бий болгох ажил явагдаж байгаа аж.
О.Барс 
相关新闻