Венесуэлийн цэргийн бааз руу халдсан этгээдүүдийг эрэн хайж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-07 08:33:33
КАРАКАС. /АР/. Цэргийн бааз руу халдаж, зэвсэг хулгайлан зугтсан 10 этгээдийг эрэн хайж байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ.

20 этгээд өчигдөр тус улсын баруун хойд нутгийн Валенсия хотын цэргийн бааз руу халджээ. Тэдний хоёрыг нь устгаж, нэгийг нь шархдуулж, долоог нь баривчилсан бөгөөд 10 нь зугтсан гэж Ерөнхийлөгч Н.Мадуро хэлэв.

“Цус урсгаж буй төрийн эсрэг бид босож байна” гэж цэргийн дүрэмт хувцастай залуус хашгирч буйг харуулсан нэгэн дүрс бичлэг Н.Мадурог мэдэгдэл хийхээс өмнө интернэтэд тавигдсан байсан юм.

Энэ хэргийг эс тооцвол Венесуэльд нөхцөл байдал ойрын хэд хоногт харьцангуй тайван байна.

Халдлага үйлдэгчдийг “шуурхай дарсан” армийнхандаа Н.Мадуро баяр хүргээд, “Би та бүхнийг биширлээ” гэж хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Энэ бол “хөлсний хүмүүс”-ийн үйлдсэн террорист халдлага. Зугтсан этгээдүүдийг аюулаас хамгаалах хүчнийхэн идэвхтэй эрэн хайж байна. Бид тэднийг барих болно” гэж хэлэв.

Валенсия хотод болон хот орчимд цэргийн тээврийн хэрэгслүүд эргүүлд гарчээ.


Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, баривчлагдсан хүмүүсийн дунд нэг дэслэгч байгаа бол бусад нь армийн дүрэмт хувцас өмссөн энгийн номхон иргэд аж.

Н.Мадуро хэлэхдээ “Тэдний ард АНУ ба Колумбад байгаа манай улсын засгийн газрын эсрэг ажиллагааг толгойлогчид бий” гэлээ.

Энэ оны дөрөвдүгээр сараас хойш Венесуэльд болсон засгийн газрын эсрэг жагсаалуудын үеэр 100 гаруй хүн амиа алдсан юм.

Тус улс нь газрын тосны асар их баялагтай боловч хүнс, эм тариа зэрэг өргөн хэрэглээний барааны хомсдолд орж, инфляц 700 хувиас даваад байгаа билээ.

Шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн ассамблей ажилдаа орсноос нэг хоногийн дараа дээрх хэрэг боллоо.

Улс төрийн энэ шинэ байгууллага нь тус улсад энх тайван байдлыг бий болгож чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
 
Г.Доржханд
相关新闻