Тува ястны бэсрэг наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-02 18:02:05
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн 3000 гаруй тува ястан оролцсон бэсрэг наадам Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён уулын өвөрт эхэлж хоёр өдөр үргэлжлэв.

Хоёр өдөр болж байгаа тус наадам нь ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа аж. Энэ жилийн ардын наадам Төв аймгийн Батсүмбэр суманд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Төвийн бүсийн тува ардын наадамд Дархан-Уул, Орхон, Баян-өлгий аймгийн Цэнгэл, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Төв аймгийн Батсүмбэр, Заамар сумдаас 3000 гаруй тува ястан оролцож байна.

Цөөн тоогоор үлдсэн тува ястан өдгөө үндэсний ёс заншил, хэл гарал угсааг хадгалж үлдэхийн тулд ардын наадмаараа эрийн гурван наадмаа хийж, эмэгтэйчүүд нь өөрсдийн гараар урласан дээл хувцсаар гоё оролцдог хэмээн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын залуу харваач Б.Энхсайхан хэллээ.

Тува ястны ардын Бэсрэг наадамд 64 бөх зодоглож, азарга, даага насны 50 гаруй хурдан хүлгийн шандсыг сорьсон бол 20 гаруй харваачид урианхай сурын харваагаар цэц мэргэнээ сорьж байна. Наадмын түрүү бөхөөр Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат аймгийн Заан Б.Ган-Идэр тодорч, аймгийн Заан Л.Жавхлансайхан үзүүрлэв. 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻