2017-2018 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД С.Батболд өнөөдөр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн талаар холбогдох албаныхны мэдээллийг сонслоо.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. “Цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-ны өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 15 мянга 725 хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэлийг энэ сарын 24-ний өдөр хаана. Мөн цахимаар бүртгүүлж чадахгүй байгаа иргэд цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх боломжтой. 3-5 насны хүүхдийг энэ сарын 21-24-ний өдөр уламжлалт аргаар буюу цэцэрлэг дээр нь бүртгэх юм. Нийслэлийн Боловсролын газар, цэцэрлэгийн эрхлэгч нар наймдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт цахим элсэлтийг цэцэрлэг тус бүр дээр нь зохион байгуулна. Даац хэтэрсэн, хүүхдийн тоо давсан цэцэрлэгүүдэд бүртгүүлсэн хүүхдүүдийг түүврийн санамсаргүй аргаар сонгон элсүүлнэ. Энэ жилийн хувьд цэцэрлэгт шинээр элсэх 2015 онд төрсөн нийслэлд хаягтай 39 мянга гаруй хүүхэд байна гэсэн тоог Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн. Үүнээс цахимаар 11 мянга 560 хүүхдийг элсүүлнэ. Мөн зорилтот бүлэг болон багш ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэг дээр бүртгэнэ” хэмээв.
Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настай хүүхдүүдийн 30 гаруй хувь нь хамрагдана. Мөн төрийн бус өмчийн 443 цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд элсэх боломж бий. Ингэснээр энэ жил хоёр настнуудын 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой хэмээн
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг хэллээ.
НЗД С.Батболд хэлэхдээ “Энэ жил цахим бүртгэл явуулж байгаа нь техник технологийн дэвшлийг ашигласан боломжийн арга. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Санамсаргүй түүврийн аргаар сонгох нь хөндлөнгийн нөлөө, танил талаа харж, ар өврийн хаалга хэрэглэдэгийг таслан зогсоож байна гэсэн үг. Өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, төрийн өмчит цэцэрлэгийн орны тоо эрс зөрүүтэй байгаа ч нийслэлийн удирдлагын баг аль болох олон хүүхдийг цэцэрлэгт хамруулж, эцэг эхэд нь ажил хийх боломжийг олгохын төлөө хичээж байна. Энэ жил шинээр 13 цэцэрлэг ашиглалтад орно. Мөн хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь өгөөд 3087 хүүхдийг авна. Түүнчлэн нийслэлд 25 хороо цэцэрлэггүй байснаас 6-г нь цэцэрлэгтэй болгож байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх хороог цэцэрлэгтэй болгох боломж бүрүүлнэ. Энэ жил хувийн хэвшлийн 36 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгосон” гэлээ.
Мөн тэрбээр цахим бүртгэлийн ажлыг алдаа дутагдалгүй, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж намйдугаар сарын 26-ны өдөр ажлынхаа үр дүнг танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Ч.Ариунболд