Аварга Н.Түвшинбаяр шинэ цолтой анхны түрүүгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-01 11:45:42
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай суманд болсон гурван баяр давхацсан наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жилийн улсын баяр наадмаар Монгол Улсын заан цол хүртсэн, олимпийн аварга Н.Түвшинбаяр шинэ цолоо дуудуулан барилдаж түрүүллээ. Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн  ойн сумын баяр наадам, Монгол Улсын начин Д.Тамирын цолонд хүндэтгэл үзүүлэх, “Хоёр түмэн адууны баяр” давхцсан наадамд улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд зодоглосон наадамд улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэж, энэ жилийн шинэ начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Г.Ганбаатар нар шөвгөрлөө.
Хурдан морины уралдаанд 6 насны  нийт 298 хурдан хүлэг уралдаж, Бүрэгхангайн уяачид дөрвөн түрүү авчээ. Их насны морьдоос Бүрэгхангай сумын уяач Б.Батболдын алаг, азарганы уралдаанд Төв аймгийн Заамар сумын уяач Ганбүргэдийн хонгор түрүүлсэн байна.
Монгол улсын  шинэ начин Д.Тамирын  цолыг Бүрэгхангай  сумын ЗДТГ  10, Булган аймгийн ЗДТГ 5 сая  төгрөг, “Булган хан”  дэвжээнээс  хоёр өрөө байр, Эй Ар Би ХХК “Прадо-150” маркийн авто машин, Д.Тамирын нагац  ах  азарга  адуу, аав Дармаа нь иж  бүрэн хэрэглэлтэй эмээл хазаартай  хүлэг морь, ээж Болормаагийн нь найзууд таван ханатай гэрээр тус тус мялаажээ. 
Сумын цолтой болон залуу  бөхчүүдийн  барилдаанд  Бүрэгхангай  сумын харьяат залуу  бөх М.Гармаа  түрүүлж  “Сумын заан”  цол, Хишиг-Өндөр сумын харьяат залуу бөх Ц.Мөнхбаяр үзүүрлэж,  “Сумын начин”  цол хүртсэн байна.
Сурын харваанд Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Улсын мэргэн Д.Норжмаа тэргүүтэй  харваачид  цэц мэргэнээ  сорсноос эрэгтэй  сурын харваанд  спортын мастер Л.Эрдэнэбат,  эмэгтэй  сурын харваанд Монгол Улсын  мэргэн Д.Норжмаа, хүүхдийн эрэгтэй  харваанд Ш.Амарболд, эмэгтэй харваанд  Б.Долгоржав нар түрүүлжээ.
Бүрэгхангай суманд болсон баяр наадмын үеэр наадамчдад айраг, хуушуураар үнэгүй үйлчилсэн байна.
М.Батжаргал
相关新闻