Шүлхий өвчин илэрсэн 74 үхрийг устгалд оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-31 11:53:31
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн байгууллагаас Сэргэлэн сумын голомтын бүсэд байгаа малчин өрхүүдийн шүлхий өвчин илэрсэн 74 үхрийг устгалд оруулаад байна.

Голомтын бүсэд хоёр ажлын хэсэг гарч 13 өрхийн 400 гаруй үхэрт үзлэг хийж 300 мкв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. Мөн гоц халдварт өвчний голомтын бүсэд гурван хяналтын постод 35 хүн 13 техник хэрэгсэл ажиллаж байна.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд одоогоор тус сумын 34 өрхийн 2008 үхэр,  найман өрхийн найман мянга 573 хонийг вакцинжуулах ажил үргэлжлэн явагдаж байна. Голомтын бүсэд сэжигтэй байгаа 200 хонийг тусгаарласан бөгөөд шаардлагатай гэж үзвэл устгалд оруулна гэв. Мөн тус сумын хоёрдугаар багийн малчин А гэх айлд сэжигтэй нэг үхэр илэрч үзлэг тандалтыг явуулахад шүлхий болох нь батлагдаад байна хэмээн аймгийн ХХААГ-ын Мал эмнэлэг үржлийн албаны мэргэжилтэн Ж.Рэнцэнбаатар хэллээ.  

Дахин сануулахад, энэ сарын 19-ний өдөр Сэргэлэн сумын Бөхөг гэдэг газарт үхрийн шүлхий өвчний сэжигтэй тохиолдол аймгийн ХХААГ-ын Мал эмнэлэг үржлийн алба бүртгэгдсэн. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас шинжилгээ авч үзэхэд шүлхий өвчин гэдэг нь батлагдсан бөгөөд тус суманд отроор явж байсан Сонгинохайрхан дүүргийн малчин өрхөөс халдвар тархсан гэнэ.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻