“SpaceX”-ийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-07-31 10:26:52
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн пуужин үйлдвэрлэгч “SpaceX” компани 350 сая долларын хөрөнгө оруулалт татсанаар зах зээлийн үнэлгээ нь 21 тэрбум долларт хүрчээ. Энэ тухай баасан гарагт “The Wall Street Journal” сонинд мэдээлсэн байна.

Шинэ хөрөнгө оруулалтыг хаанаас татсаныг дурдаагүй ба тус сонинд бичсэнээр, 2015 онд “SpaceX”-ийн зах зээлийн үнэлгээ 12 тэрбум доллароор хэмжигдэж байсан аж.

Зах зээлийн үнэлгээ нь бараг хоёр дахин нэмэгдсэн нь тус компанийн тэргүүн Илон Маскийн 2016 оны сүүлчээр дэвшүүлсэн өөдрөг таамаглалыг хөрөнгө оруулагчид үндэслэлтэй гэж үзэж байгааг харуулж байгаа юм. Тухайн үед И.Маск хэлэхдээ, хиймэл дагуул хөөргөх, интернетийг хөгжүүлэхтэй холбоотой бизнес нь 2025 он гэхэд 30 тэрбум долларын орлого авчирна, өөрөөр хэлбэл, тойрог замд ашигтай ачаа гаргах үйлчилгээтэй харьцуулахад зургаа дахин их орлого олно гэж мэдэгдэж байсан юм.

“SpaceX” компани 2015, 2016 онуудад “Falcon-9” зөөгч пуужин хөөргөсөн нь амжилтгүй болж байсан хэдий ч энэ онд тус компани 10 удаа зөөгч пуужин хөөргөсөн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс давжээ. 2017 оны эцэс гэхэд хоёр долоо хоног тутамд нэг пуужин хөөргөх ба 2019 он гэхэд долоо хоног тутамд нэг пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, АНУ болон Европын өрсөлдөгчдөөсөө тав дахин олон пуужин хөөргөнө гэсэн үг юм.
О.Барс 

 

 

 




相关新闻