Энэтхэгийн эргийн харуулууд 1500 кг мансууруулах бодис хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-07-31 09:13:38
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн баруун нутгийн Гужарат мужийн эргээс холгүй явж байсан хөлөг онгоцноос 1500 кг героин хураан авчээ.

Эргийн харуулын алба өчигдөр мэдэгдэл хийхдээ “нэгэн худалдааны хөлөг онгоцноос 550 сая долларын үнэ бүхий мансууруулах бодис хураан авсан” гэв.

Тус улсын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөлөөгч Д.К.Шарма хэлэхдээ “нэг тээврийн хэрэгслээс нэг удаагийн ажиллагаагаар ийм их хэмжээний мансууруулах бодис хураан авсан анхны тохиолдол нь энэ болж байна” гэлээ.

Хөлөг онгоцыг баруун нутгийн Порбандар хотод аваачсан аж.

Энэтхэг нь Афганистанаас холгүй оршдог учир мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэгчдийн хувьд дамжин өнгөрөх гол маршрутуудын нэг нь болоод байна.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдэгдсэнээр, Афганистанаас героин ачсан хөлөг онгоцууд Энэтхэгийн далайг гатлан Африк тивийн зүүн болон өмнөд бүс нутгийн улсууд руу очдог аж.

Энэтхэгийн хойд нутгийн Пенжаб мужид героины хэрэглээ хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Саяхан явуулсан нэгэн судалгаагаар, тус мужид 15-35 насны 860 мянга гаруй эрэгтэй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаа бөгөөд тэдний 53 хувь нь донтжээ.
 

Г.Доржханд



相关新闻