Байгалийн аюулт үзэгдэлд нэрвэгдсэн хүүхдүүд эмнэлгээс гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-25 23:23:26
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болсон байгалийн аюулт үзэгдэлд өртсөн хоёр хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж  авч өнөө өглөө эмнэлгээс гарчээ. Бороо орж, 2,5-4 см хүртэл диаметртэй мөндөр бууж, 28 м/сек хурдтай салхины улмаас 7 настай, эмэгтэй Л.Асинат мөндөрт цохигдон биедээ гэмтэл авч, 7 настай, эрэгтэй Б.Тэнгисмөрөн аянга цахилгааны долгионд цохигдон эмнэлэгт хүргэгдсэн байна.
Мөн байгалийн гэнэтийн аюулын улмаас сумын төвийн 16 айлын гэр нурж, 64 байшингийн дээвэр эвдэрч, 10 аж ахуйн нэгж, байгууллагын цонх хагарч, 149 машины салхины шил, гэрэл хагарч эд анги нь гэмтсэн байна.
Сумын төвийн хүнсний ногоо тарьсан өрхүүдийн тариалан мөндөрт цохигдон ургах боломжгүй болжээ.  Газар тариалангийн нэг аж ахуйн нэгжийн ургац мөндөрт цохигдоод байна.
Аймгийн онцгой комиссын гишүүд газар дээр нь ажиллаж, орон гэргүй болсон 4  өрхөд гэр олгохоор шийдвэрлэлээ гэж аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.


М.Батжаргал
相关新闻