Умард Солонгосын телевизийн одыг хулгайлсан бололтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-19 11:12:00
ПХЕНЬЯН. /BBC/. Эх орноосоо оргон зугатаж Өмнөд Солонгост очсон Умард Солонгосын телевизийн одыг Пхеньяны тусгай албаныхан хулгайлсан байж магадгүй гэх хэргийг Өмнөд Солонгосын албаны хүмүүс мөрдөн шалгаж байна.

Телевизийн од Лим Жи Хюн нь 2014 онд Өмнөд Солонгост ирсэн бөгөөд телевизийн нэвтрүүлгээрээ олонд танигдсан нэгэн юм. Гэтэл өнгөрсөн ням гарагт түүнтэй адил төрхтэй нэгэн эмэгтэй Умард Солонгосын нийслэлд цацагдсан суртал ухуулгын дүрс бичлэгээр гарсан нь Лим Жи Хюн хулгайлагдсан байж болзошгүй хэмээн таамаглахад хүргэжээ.

Уг дүрс бичлэгт Лим Жи Хюн "намайг хүчээр Өмнөд Солонгос руу авч явж, Умард Солонгосын эсрэг гүтгэлэг хийхэд ашигласан. Би сайн дураараа хил давж эх орондоо эргэн ирсэн" хэмээн ярьж байгаа нь харагдана. 

Хатагтай Лим бол Өмнөд Солонгост байхдаа ярилцлагын болон реалити шоу нэвтрүүлэгт оролцож, олны танил болсон хүн юм. Суртал ухуулгын дүрс бичлэгт гарсан эмэгтэй бол хатагтай Лим мөн гэдгийг  холбогдох албаны хүмүүс батлаагүй байна. Гэхдээ хатагтай Лим Умард Солонгост байгаа гэж үзэж байгаа бололтой.

Суртал ухуулгын дүрс бичлэгийг өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын "Уриминзоккири" цахим хуудаснаас "Youtube" портал хуудсаар дамжуулан цацсан байна. Бичлэгт гарч буй эмэгтэй өөрийгөө Жон Хэ Сүн гэж танилцуулжээ.

 Х.Сарнай 

 
相关新闻