Энэ жилийн наадмаас сургамж авч ирэх жилийн наадмын бэлтгэлээ базаахыг даалгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах” ажлын хэсэг тайлангийн хурлаа хийж цаашид авч хэрэгжүүлэх ажлаа хэлэлцлээ. Энэ жилийн баяр нааадамд 113 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний дийлэнх нь бөх, сур, шагай, морины бай шагнал болон соёл урлагийн арга хэмжээнд зарцуулагджээ. Тухайлбал, Хот тохижилт, чимэглэлийн ажлын хэсэгт 10 сая төгрөг төсөвлөж анонс, сурталчилгаанд дийлэнхийг нь зарцуулж мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон Морь барианы газарт био жорлонг 10 гаруйгаар нэмэгдүүлжээ. Худалдаа үйлчилгээний ажлын хэсэг хуушуурын 27 гэр, худалдааны 86 павилон, 1306 нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрлийн бичиг олгож 15.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Хурдан морины комисст 52 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 32 сая 850 мянган төгрөгийг бай шагналд зарцуулсан байна. Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр дээр зохион байгуулдаг бөгөөд газар ашигласан төлбөрт найман сая төгрөг төлжээ. Дээрх мэдээллийн дараа аймгийн Засаг дарга Д.Батлут хэд хэдэн чиглэлд үүрэг өглөө. Энэ нь ирэх жилийн наадмын бэлтгэл гэдгийг ч онцолсон юм. Тухайлбал, био жорлонг нэмэгдүүлэх, автомашины зөвшөөрлийн бичиг дээр дугаарыг нь заавал бичих, сур, шагайн харвааны талбайг цементлэх, сандал тавих, Булган аймгийн Бугат сумтай хамтарч газрын кадастрын зураглал гаргах, лед дэлгэц, сандал, тайз худалдаж авах хэрэгтэй гэлээ.
Б.Оюун-Эрдэнэ